Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр, тус газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Н.Сугар нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Энэ дагууж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжлээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан. Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байна.
Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын хөрөнгө оруулалт, төлөвлөгөө нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендерийг зарласан.