Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар хотод мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлэн шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээлэл өглөө. Тэрбээр, " Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрийтэй тоглоомын газарт тоглож байсан нийт 51 иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 5 сая 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зохион байгуулсан этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тоглоомын ширээ 5, хөзөр 75, бэлнээр 19 сая гаруй төгрөг, компьютер гурван ширхгийг эд мөрийн баримтаар болон улсын орлого болгохоор хураан авсан. Эдгээр тоглож байсан этгээдүүдээс урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг олж илрүүлсэн.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүд бусдын орон сууц объектыг түрээсэлдэг, түрээсийн байранд хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тиймээс иргэддээ сэрэмжлүүлэхэд, өөрсдийн эзэмшлийн байр, орон сууц объектоо түрээслүүлэхдээ тухайн түрээсэлсэн иргэн хуулийн этгээд нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж байхыг анхааруулж байна. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй хууль бус үйл ажиллагаа явуулж байвал цагдаагийн байгууллагад мэдээллийг ирүүлж, хамтран ажиллахыг хүсэж байна" гэлээ.