-Хууль зөрчин 35 хоног тусгаарласнаас болж 24 000 гаруй иргэн 61 тэрбум төгрөгөөр хохирчээтой-
Цар тахалтай холбоотойгоор төр, засгаас гаргасан шийдвэрүүд дунд хоёр жилийн турш хохирч, дөрвөн удаагийн хөл хориог даван туулсан иргэд, аж ахуйн нэгжүүд одоо л нэг амьсгаа авахтайгаа болж, ердийн амьдралын горимд ороод цөөхөн хоногийн нүүр үзэж буй. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас гаргасан алдаатай бодлого, арга ядсан, судалгаа тооцоололгүй шийдвэрийн улмаас олон боломж алдагдсаныг цохон тэмдэглэх хэрэгтэй. Бид хөл хорионы нөлөөнд юу алдав гэдгийг доор дэлгэрүүлье.
35 ХОНОГИЙН ТУСГААРЛАХ ЖУРАМ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙВ
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 31-нд БНХАУ-тай харилцдаг зарим боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан. Улмаар халдварын эхний тохиолдлууд бүртгэгдсэнээр гуравдугаар сарын 28-наас эхлэн хилээ бүрмөсөн хааж, иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хязгаарласан юм. Улмаар тусгай үүргийн нислэг үйлдэх болсон. Тухайн нислэгт багтахаар ээлжээ хүлээсэн монголчууд дэлхий даяар гацаж, гудамжинд хонохдоо тулж байлаа. Аргаа барж, тэвчээр тасарсан зарим нь эх орондоо гомдсоор хүний нутагт ясаа тавьж, амиа егүүтгэсэн тохиолдол ч гарсан. Гадаадад гацсан монголчуудын зовлон үүгээр дуусаагүй. Эх орондоо ирсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан, эсэхээс үл хамааран өндөр төлбөр төлөн, 21 хоног тусгаарлагдаад зогсохгүй дахин 14 хоног гэрийн тусгаарлалтад байж, 35 хоногийн хугацаанд хөл хориулсан юм. 2020 оны гуравдугаар сарын 26-наас мөн оны арванхоёрдугаар сарын 9-ний хооронд Монгол Улс 24 025 иргэнээ гадаад улсаас татан авч, нэр бүхий 40 зочид буудалд тусгаарлах арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Энэ хугацаанд тусгаарлагдсан иргэдийн алдагдсан боломжийн өртгийг тооцож үзье. Тусгаарлагдсан иргэдийн хохирлын хэмжээ 61 тэрбум төгрөгт хүрч байна. Тодруулбал, тэд зөвхөн тусгаарлах байрны төлбөрт л гэхэд 25 тэрбум гаруй төгрөг халааснаасаа гаргасан бол алдагдсан боломжийн өртөг нь 36 тэрбумаар хэмжигдэнэ. Энэ бол ажлын 25 өдөр хөдөлмөр эрхэлжтой байсан дундаж цалингийн нийлбэр юм. Цаашлаад ар гэр, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөж болох 10 өдрийг дөрвөн хананы дунд үргүй зарцуулан үджээ. Харин энэ хугацаанд эдийн засагт бий болгох бүтээмж, түүний нөлөөгөөр үүсэх өсөлт, үнэ цэн, гэр бүлтэйгээ бүтээх дурсамж зэргийг хэмжих боломжгүй.
35 хоног тусгаарлагдсан 24 025 иргэний алдагдсан боломжийн өртөг Харамсалтай нь 35 хоногийн тусгаарлалтыг зөвхөн Монгол Улс л хэрэгжүүлсэн бөгөөд ДЭМБ-ын өгсөн 7-14 хоног байх зөвлөмжөөс зөрүүтэй шийдвэр гарган хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Австри, Швейцар, Бельги, Герман, Норвег, Литва, Словак, Словени зэрэг орон 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд, Турк улсын хувьд 14 хоног тусгаарлах журмыг хэрэгжүүлсэн. Манай УОК-ын шийдвэр, тухайн үед гаргаж байсан түр журмууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байв. Өөрөөр хэлбэл, хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийн улмаас 24 025 иргэн хохирсон билээ.
Энэ нь иргэнийхээ Үндсэн хуулиан олгогдсон халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдэл болохыг ХЭҮК хүлээн зөвшөөрч, өдгөө “Фиделитас партнерс” хуулийн фирм “Эрхээ эдэлье” аяныг санаачлан, “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” төсөл хэрэгжүүлэн, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, өдгөө уг хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжээд байна.
ОНЛАЙН СУРГАЛТЫН СИСТЕМ БУЮУ ОРХИГДСОН БОЛОВСРОЛ
Энэ бүхнээс гадна боловсролын системийн хямрал хамгийн том асуудал болж буй. Ажил олгогчид хүртэл шинэ ажилтан авахдаа “Ковид”-ын бус төгсөгч байх” гэсэн шаардлага тавьж байгаа нь хөл хорионы улмаас хоёр жилийн турш онлайнаар суралцсан шинэхэн ажил горилогчдод шударга бус шалгуур болов. Зайны сургалтын үед ч сургалтын төлбөрөө бүтэн төлсөн тэдний хувьд ажил олгогчдын ялгаварлан гадуурхалтад өртжээ. Дадлага, туршлага хуримтлуулж чадаагүй инженер, эмч тэргүүтэй шинэхэн төгсөгчид төдийгүй уншиж бичих чадвар бүрэн эзэмшээгүй ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн сурагчид, элсэлтийн шалгалтдаа интернэтээр бэлдэж, дөнгөн данган оюутан болсон нэг, хоёрдугаар курсийнхэн ч энэ бодлогын хамгийн том золиос болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй 904 мянган хүүхэд, залуус сурч боловсрох эрхээрээ хохироод байна.
Ерөнхий боловсролын сургууль завсардсан хүүхдийн тоо 2017-2018 он 682 сурагч 2021-2022 1931он Харин сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой бяцхан багачуудын хувьд энэ асуудал амь нас, ар гэрийнх нь эдийн засагтай холбогдоно. Саяхан л гэхэд гэртээ харах хүнгүй үлдсэн гурван настай хүүхэд найман давхраас унаж маш хүнд бэртсэн тохиолдол бүртгэгдсэн. Бас уржигдархан таван настай хүү орон сууцын цонхоор унаж нас барлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо сүүлийн хоёр жилд 72 мянгаар буурсан нь “Ковид-19” цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хичээллүүлээгүйтэй холбоотой.
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй хүүхдийн тоо 2021/2022 он 190 991 2019/2020 он 263 333 2020/2021 он 247 040 Энэ мэтчилэн хөл хорионы өдрүүдэд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх л салбар хохирол амсаж, алдагдсан боломжийн өртгийг нөхөх аргагүйд хүрсэн нь харамсалтай. Тиймээс ч цаашид дуу хоолойгоо хүргэх, эрхээ хамгаалах, хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардах хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хэрэв та хүний эрхийн ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж, захиргааны хууль бус шийдвэрээс болж өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол “Фиделитас партнерс” хуулийн фирмээс хэрэгжүүлж буй “Эрхээ эдэлье” нөлөөллийн аяны хуудсанд нэгдэн мэдээлэл аваарай.
Бэлтгэсэн Т.Намуунболор