Судлаач С.Түмэндэлгэр “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцуулав. Эмэгтэй хүнийг манлайлагч гэдэгт таван оролцогч тутмын нэг, эрэгтэйчүүдийн хувьд 10 хүний нэг нь итгэхгүй байна гэсэн дүн гарсан байна. Мөн удирдах албан тушаал эрхлэх, манлайлагч болох тухайд оролцогчдын 20 орчим хувьд нь эмэгтэй хүнд үл итгэх хандлага ажиглагджээ. Тодруулбал, 92 хувь нь эрэгтэйг, 81.7 хувь нь эмэгтэйг манлайлагч гэдэгт итгэж байна хэмээн хариулсан аж. Харин бүсгүйчүүдийг удирдах ажилтан болж чадахгүй гэж хариулсан оролцогчид эрчүүдийг ийн үзсэн оролцогчдоос хоёр дахин их байжээ.
Жендерийн хэвшмэл үзлийг тодруулах зорилго тавьсан, гэр бүлээ тэжээх, өрхийн төсөв бүрдүүлэхэд хэний оролцоо давуу байх нь зүйтэйг тодруулахад оролцогчдын 44.3 хувь нь эрэгтэй гэж хариулсан бол “Ижил чадамжтай эхнэр, нөхрийн хэн нь бага насны хүүхдээ асрах нь дээр вэ” хэмээх асуултад 61.3 хувь нь эмэгтэй гэжээ. Харин эхнэр, эсвэл хосынхоо юу хийх, ямар зан авир гаргахыг хянахад аль алиных нь оролцоо давуу байх нь зүйтэй гэх байр суурийг 76.6 хувь нь илэрхийлсэн байна. Ерөнхийдөө эрчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун шударга байж чадна хэмээхээс гадна захирах, засаглах эрх мэдлийг энэ хүйсийнхэнд оноодог хэвшмэл үзлээр хандаж байна гэсэн дүгнэлтийг судлаач хийжээ. Тэгвэл үнэлгээгүй хөдөлмөрийн үүргийг эмэгтэй хүнд ногдуулах үзэл бүх нас, хүйсийн хүмүүст ялгаагүй илэрсэн байна. Жишээ нь, бүсгүй хүнийг удирдах ажилд тохирохгүй гэж үзэхдээ хов жив хөөцөлддөг, ажилтныхаа оронд өөрийгөө тавьж чаддаггүй зэрэг сул талтай гэх өнцгөөр тайлбарлажээ. Хэдийгээр тэднийг нягт нямбай, олон талаас нь хардаг гэж дүгнэсэн ч энэ нь гүйцэтгэх ажил хийхэд илүү тохиромжтой хэмээн удирдлагыг эрэгтэйчүүдээр төлөөлөн харж байгаа дүр зургийг судалгаанаас ажиглаж болох нь.
Цаашлаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүд 58.9, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ 28.5 хувьтай дэмжинэ гэсэн бол аль алиныг нь дэмжинэ гэж бүсгүйчүүдийн 48.3 хувь нь хариулжээ. Сонирхолтой нь, эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэдэгт бүсгүйчүүдийн 87.9, эрчүүдийн 80.9 хувь нь итгэж буйгаа илэрхийлсэн байна. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ дэмждэггүй гэдэг яриа худал болж байх шиг. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгсөн байдлыг нь харгалзвал судалгаанд оролцогчдоос эмэгтэй хүнд санал өгсөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү байсан аж. Түүнчлэн оролцогчид хүйсийн хувьд аль аль нь буюу ихэнх нь (66.6-69.6) эрэгтэй нэр дэвшигчийг сонгожээ. Ер нь эрэгтэйчүүдээр эсрэг хүйсийнхнийг дэмжүүлэхийн тулд уламжлалт болон жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах шаардлагатай нь тус судалгааны үр дүнгээс харагдаж байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ илүүд үзэхдээ сонгуулийн тойргоо солиогүй, жендерийн тэгш байдал болон хүйсийн төлөөлөл хийгээд намын гишүүнчлэл, мөрийн хөтөлбөрийг нь харсан гэж тайлбарласан бол бүсгүйчүүдийг багаар нь дэмжих, туршлага зэргийг нь илүүд үзэх хандлага эсрэг хүйсийнхэнд давамгайлсан байна. Мөн оролцогчид эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хөрөнгө мөнгө багатай улстөрчдөд түлхүү санал өгснөөс харахад сонгогдоход чинээлэг байдал чухал хүчин зүйл биш гэх хандлага түлхүү ажиглагджээ. Ялангуяа эмэгтэй оролцогчдын хувьд хөрөнгө чинээг харгалзах байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага илэрсэн байна.
Уг судалгааны санал асуулгад долоон аймаг, зургаан дүүргийн 1006 хүн оролцсон бөгөөд тэдний дундаж нас 42 аж. Мөн оролцогчдын 53.6 хувь нь эмэгтэй байжээ. Харин судалгааны арга зүйн нэг хэсэг болох түлхүүр мэдээлэгчийн ярилцлагад 201 хүн оролцсоны 45.3 хувь нь эрэгтэй гэнэ. Түүнчлэн ганцаарчилсан ярилцлагад 26, фокус бүлгийнхэнд 76 хүнийг хамруулжээ. Судалгаанд оролцсон эмэгтэй улстөрчдийн үзэж байгаагаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ-д нэр дэвшихэд олон нийтийн зүгээс дэмжлэг өндөр (74.3-78.9) байсан бол УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд харьцангуй доогуур буюу 53.8 хувьтай байсан гэнэ.
Мөн УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалтгүй гэж эмэгтэйчүүдийн 48.8, боломжийн гэж эрэгтэйчүүдийн 39.6, хангалттай хэмээн эрчүүдийн 34.5 хувь нь үзжээ. Түүнчлэн улс төрийн манлайлагчийн хувьд шийдэмгий чанарыг аль аль хүйсийнхнээс илүүтэй хүлээж байгааг судалгааны дүгнэлтэд дурдсан байна. Цаашлаад зоригтой, тэмцэгч чанар ямар ч улстөрчид байх ёстой хэмээжээ. Энэ тухайд судлаач “Жендерийн хэвшмэл үзлийн үүднээс эрэгтэй улстөрчдөд хамаатуулдаг шийдэмгий, зоригтой, тэмцэгч байх чанарыг эмэгтэйчүүдээс ч олон нийт хүсэн хүлээж байгаа нь сонирхолтой” гэв.