Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн дарга Л.Цолмонгэрэл болон мэргэжилтэн Л нарыг цагдаагийн байгууллагын ажилтнууд уржигдар хойшлуулшгүй ажиллагаа явуулж албан өрөөнд нь нэгжлэг хийгээд зогсохгүй 48 цагийн хугацаатай саатуулсан байна. Хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан амралт, сувиллын газрын данс руу халамжийн сангийн мөнгөнөөс шилжүүлж байсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн амралт, сувиллын газраар үйлчлүүлээгүй 500-гаад хүнд сувилгаа, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн хэмээн баримт бүрдүүлж, халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн эрх бүхий албан тушаалтнууд завшсан мөнгөөрөө автомашин, амралтын газар, орон сууцууд худалдан авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ мэдээлэл үнэн, эсэхийг тогтооно хэмээн эх сурвалжууд хэлэв.
Нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгө зорилтот бүлгийнхэндээ хүрэхгүй, эрх бүхий албан тушаалтнууд нь өөрсдийгөө болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр завших явдал удаа дараа гарч буй. Үүнээс өмнө Баянхонгор, Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч баримт бүрдүүлэн өөрсдийгөө болон үр хүүхэд, танилуудаа хөдөлмөрийн чадвараа 70 хувь хүртэл алдсан хэмээн мөнгө завшиж байсан үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж тогтоогоод буй билээ. Олон жилийн өмнөөс л ийм маягаар мөнгө завшиж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн ч байдал хэвээрээ. Магадгүй ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлага үүнийг засаж сайжруулах сонирхолгүй байгаа нь өөрсдөө холбоотой юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа