Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Украин улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор манай эдийн засагт бий болох сөрөг нөлөөллийг судалж, авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг төлөвлөх ажлын хэсгээс өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд хаалттай мэдээлэл өгсөн байна. Улмаар ҮАБЗ-д мэдээллээ уламжлахаар болжээ. Хуралдааны дараа сайд Б.Батцэцэг “Манай улсын байр суурь тодорхой. Үндсэн хууль болон Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Энэ зарчмаа баримтлан үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Иймд талууд дипломат яриа хэлэлцээний замаар хурцадмал байдлыг намжаах нь чухал. Шаардлагатай бол ҮАБЗ-ийн гишүүдтэй зөвлөлдөж, ойрын үед мэдэгдэл гаргана” хэмээв. Харин Украин дахь иргэдээ татан авахад хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудын тухайд тэрбээр “Украинд байгаа Өргөмжит консулөөрийнхөө хэмжээнд сайн ажилласан гэж үзэж байгаа. Польш улсад байгаа манай Элчин сайдын яам ердөө хоёр дипломат ажилтантай. Тэд ачаалалтай, 24 цагаар ажиллаж байсан. Ядарснаас болж буруу, зөрүү мэдээлэл өгсөн тал бий. Иргэдийн гомдлыг нягталж хариуцлагын арга хэмжээ авна. Эхлээд иргэдээ татаж авах нь чухал” гэлээ. Өчигдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 100 хувь татаж авсан байна. Тодруулбал, Харьков хотод байсан 15 оюутан Польш улсын хилийг давсныг дуулгав. Ингэснээр манай 58 иргэн Польш улсад ирээд байна. Эл ажиллагаанд тус улсад оршин суугаа монгол иргэд болон Өргөмжит консул идэвхтэй оролцсоныг сайд онцолсон. Польшоос 18 иргэн Монгол руу ниссэн бол гурав нь эх орондоо ирж, 15 нь Истанбулд байгаа юм. Тэд өнөөдөр эх орондоо ирэх аж. Харин Киевт байгаа иргэдээс гурван хүн Монголд ирэх хүсэлтийг өчигдөр гаргажээ. Тэдний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон киргиз хүн бөгөөд удахгүй татаж авна гэлээ. Одоогоор 20 гаруй иргэн Польш улсад үлджээ. Тэдний ихэнх нь холимог гэр бүлтэй, өндөр настай, эрүүл мэндийн хувьд эх орондоо ирэх бололцоогүй, бас өөрсдөө ч явахгүй гэдгээ илэрхийлснийг сайд дурдав