…Төвүүдэд мөн эмч дутагддаг хэвээр. Тэр тусмаа өнгөрсөн онд хаа сайгүй эмч нар ажлаас гарсаар байж. Ачаалал ихтэйгээс болж ажлын байраа орхин одсон эмч нарыг халшрах хам шинжтэй хэмээн оношлох болжээ….
Өрхийн эмнэлэг гэж ярьж хэвшсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун хүн хэр олон байдаг вэ. Иргэд эмч нарынх нь ур чадварт эргэлзэж, зарим талаар илт голонгуй байдаг нь нууц биш. Үнэ төлбөргүй хүлээж аван, үзэж, оношлон, эмчилгээ бичиж өгдөгт нь болоод эрхбиш хааяа ханддаг гэхэд ч буруудахааргүй. Ийм дүр зураг нийслэлд ч, орон нутагт ч нийтлэг. Гэхдээ үнэн хэрэгтээ өрхийн эмнэлгийн тус чамгүй их билээ. Ялангуяа цар тахлын үед эдгээр төвийн мэргэжилтнүүд муу хэлүүлэн, хэлүүлэн, загнуулан, зандруулан байж олон хүнийг нөгөө ертөнцөд явахаас аварсан гэлтэй. Судалбал ямар үзүүлэлт гарах бол.
Зарим хорооны эмнэлэгт нэг өдөрт “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдсан 200-гаад хүн эмийн багц авах, эмнэлэгт хэвтэх захиалга өгөх, өөр бусад тусламж эрэн хандсан. Тэр олон хүнд гурав, дөрөвхөн эмч, сувилагч, нийгмийн ажилтан болон жолооч, үйлчлэгч нар хонон өнжин тусламж, үйлчилгээ үзүүлж байлаа. Судалгаагаар манай улсын “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийн 80 хувьд өрхийн эмнэлгийн мэргэжилтнүүд хүрч ажилласан нь харагдсан. Үүний цаана дээр дурдсанчлан өндөр настай, хууч өвчтэй, хүндэрсэн хэдэн хүний амийг “муу нэрт” өрхийн эмнэлгийнхэн аварсан байж таарах вэ. Зөвхөн ингээд аваад үзэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоонд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээг багтааж, хөгжүүлэхийг оролдож ирсэн нь амжилт, үр дүн гэхээр. Одоогоос 20 жилийн өмнөөс хэсгийн эмнэлгийг өргөжүүлж өрхийн эрүүл мэндийн төв болгон өргөтгөснийг дэвшил гэж хаана, хаанаа үзэж, цаашид улам хөгжүүлэхийн төлөө чармайж буйг харж байна.
Хэдхэн хоногийн өмнө өрхийн эмнэлгийн хөгжлийн асуудлын талаар ярилцаж, хэлэлцсэн зөвлөгөөн боллоо. “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргая” нэрийн дор явуулсан уг арга хэмжээг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, ЭМЯ хамтран зохион байгуулсан юм. Үүнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 206 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нар болон орон нутгийн удирдлагууд, салбарын холбогдох албаныхан гээд нийт 350 гаруй хүн оролцсон. Томоохонд тооцож болох арга хэмжээ.
Энэ оны байдлаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 3334 эмч, ажилтан ажиллаж, манай улсын 2.4 сая буюу хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж буй аж. Бусад иргэн сумын эмнэлэгтээ ханддаг байна. Зөвлөгөөний үеэр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хэрэгжилт, цаашдын чиг хандлага”, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэндийн бодлого ба өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг, чиг хандлага, цаашдын зорилт” сэдвээр гэхчлэн албаны долоон хүн илтгэл тавьсан юм. Мөн илтгэгч Б.Нарантуяа “Өрхийн эрүүл мэндийн хүний нөөцийг сургаж, бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл” сэдвээр мэдээлэл өгсөн. Зөвлөгөөний дараа төвүүдийн дарга, нягтлан бодогч нарыг санхүүжилт, удирдлагын чиглэлээр чадавхжуулах гурван өдрийн сургалт зохион байгуулав.
Тус зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж болох талаар өрхийн эрүүл мэндийн хэд хэдэн төвийн даргын сэтгэгдлийг сонссон юм. Арга хэмжээний турш тэдний анхаарал нэг л зүйл дээр төвлөрч байжээ. Энэ нь санхүүжилт. Нэг иргэн бүтэн жилийн хугацаанд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх зардал 30 мянган төгрөг байсныг УИХ-аас 60 мянга болгож ахиулжээ. Уг дүн нь өрхийн эрүүл мэндийн төвүүд батлагдсан стандартыг хангаж ажиллахад хүрэлцэх үү гэсэн асуултыг тэд өөртөө болон бусдадаа тавьж байсан гэнэ. Индэрт илтгэгчид ярьж байх зуур “гал”, “ус”-тай улаан нүүрээрээ тулан өдөр, шөнийг умартан ажиллах ч болдог өрхийн эмнэлгийнхэн тус бүртээ “Энэ зардлаар бид хүний нөөцөө хэр зэрэг зузаалж чадах вэ. Стандарт ёсоор үйлчлэх хүн амын тооноос хамаарч 5-8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой. Тэгвэл бодит байдалд гурав, дөрвүүл зүтгэдэг байдал сайжрах уу, сувилагч нэмж чадах уу, лаборанттай болмоор байдаг, барах уу” гэхчлэн хүнээ тоолж, хуруугаа дарж сууцгаасан гэнэ. Ийнхүү ярихыг нь сонсоод “Энэ тухайгаа газар дээр нь хэлсэн үү” гэхэд “Санхүүжилтийг УИХ-ын түвшинд ярьж нэмсэн. Аль хэдийн баталчихсан. Ийм тохиолдолд бид байтугай яамны дарга нар, бүр сайд дуугараад ч ахиулах аргагүй биз дээ. Үргэлж цар тахалтай байхгүй болов уу. Тэгж бодохоор энэ хэрийн санхүүжилт ажилд нэмэр болох байх л даа. Олговол зохих мөнгөний 70 хувийг шууд өгөөд, үлдсэнийг нь ЭМДЕГ-аас 14 шалгуур үзүүлэлтийг давсан тохиолдолд өгөх юм гэсэн. Тэдгээрийг давж чадахгүй бол хасна. Одоогоос 20 жилийн өмнө хэсгийн эмнэлэг байсан эмнэлгүүд өнөөдөр ямар чадавхтай болоод байгаа билээ. Цааш нь илүү хөгжүүлэхийн тулд удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах гэх нь зөв. Үүний зэрэгцээ стандарт хангаж, санхүүгийн эрх чөлөөтэй ажиллах боломжоор хангах түвшинд хүртэл мөнгө олгодог бол тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай үзүүлэх нөхцөл бүрдэнэ шүү дээ” гэж байлаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд сувилагчийн гачланд орсныг төрөөс сувилагч хангалттай бэлтгэхгүй байгаатай холбон тайлбарлаж байв. Сувилагч дээхнэ үеийн сумын эмч шиг бүхнийг гардаж хийдэг хүмүүс байдаг аж. Тэд лабораторийн ажилтныг орлож шээсний шинжилгээ хийдэг. Сэргээн засах үйлчилгээ ч тэдний ажил.
Төвүүдэд мөн эмч дутагддаг хэвээр. Тэр тусмаа өнгөрсөн онд хаа сайгүй эмч нар ажлаас гарсаар байж. Ачаалал ихтэйгээс болж ажлын байраа орхин одсон эмч нарыг халшрах хам шинжтэй хэмээн оношлох болжээ. Цар тахлын ид дэгдэлтийн үед эмнэлгүүдэд ор олдохгүй байсан үед маргааш нь ор сулрах хүртэлх хугацаанд эмч нар өвчин нь хүндэрсэн хүмүүсийн гэрт нь хүчилтөрөгчийн аппараттайгаа очиж тусламж, үйлчилгээ тасралтгүй үзүүлж, хамт хонож байсан тохиолдол олон. Ингэж ажиллаж байхад илүү цаг ажилласны хөлс гэж авдаггүйдээ гутарсан эмч олон хэмээн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага хэлж байлаа. Эдүгээ нэг иргэнд ногдох зардлыг дахин нэмэгдүүлсэн байдлаар санхүүжилт олгож эхэлмэгц өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд хүний нөөцөө гүйцээж, эмч, сувилагч нэмж ажилд авахаа бодох гэнэ. Тийм болохоор эмч, мэргэжилтнүүдийнхээ цалинг нэмж чадах уу, үгүй юү гэцгээж байна. Газар дээр нь, “халуун цэг”-т ажилладаг цагаан нөмрөгтнүүдийн өчил энэ.
Санаагаар болдог сон бол эдгээр төвийн үйл ажиллагааг сайжруулж, тусламж, үйлчилгээг шат ахиулъя гэх аваас санхүүжилтийг нь ажил, амьдралд нь дорвитой нэмэр болохуйцаар ахиулж олгодог болоосой. Тэгж чадвал эмч ч, сувилагч ч тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх болов уу. Нэг иргэн нэг жилийн хугацаанд өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлэх зардал 30 мянган төгрөг байсныг УИХ-аас 60 болгож нэмсэн гэж буй. Гэсэн ч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгох ёстой байсан санхүүжилт нэмэгдсэн байдлаар өнөө хэр орж ирээгүй юм билээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хүлээгдэж буй гэнэ. Ингэхдээ өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж өгөх, эсэх нь тодорхойгүй аж.