Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр Комиссын гишүүн Б.Энхболд, гишүүн Д.Сүнжид нараар ахлуулсан Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГЕГ-ын харьяа 433 дугаар хаалттай хорих анги, тус суманд байрлах ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдалд, Дархан-Уул аймгийн Дархан сум дахь ШШЕГ-ын харьяа 435, 445 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиудад ажиллаж, хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр хорих ангийн удирдлагууд, алба хаагчид, хоригдлуудтай уулзаж, тус хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх эрх чөлөөний хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, Б.Нандинцэцэг, Сэлэнгэ аймаг дахь ахлах шинжээч Д.Гантулга, гишүүний туслах А.Балдангомбо нар ажилласан бөгөөд, дээрх шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрх зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол Шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.