Бага насны хүүхэд нь үймүүлсэн учраас тухайн айлын эздийг цагдаагийн байгууллагаас торгосон, дарамталсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл үүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Тайлбарт "Содон хорооллын оршин суугчаас 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 22 цаг 13 минутад “дугаар тоотын айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгахад тухайн хаягт бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч шийдвэрлэсэн ба торгуулийн арга хэмжээ аваагүй" хэмээн бичжээ.