Ирэх дөрөвдүгээр сараас барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийг үндэслэн, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан “Онлайн бизнес төв” цахим системээр нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийн шат дамжлагуудыг багасгаж, иргэн, аж ахуй нэгж байгууллагад авлига, хүнд суртал үүсгэхгүйгээр цахимжуулах шаардлагатайг анхааруулав. Тус цахимжуулах ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва үүрэг болгов. Улмаар агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран камерын шинэ шийдлүүдийг танилцуулсан юм. Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг. Тус үйлчилгээнүүдтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комисс ажиллаж хүлээн авах хүртэл 12 төрлийн үйл ажиллагааны дараалал, шат дамжлагын дагуу 381 төрлийн бүрдэл бичиг баримт бүрдүүлдэг байна. Эдгээрийг задалбал, давхардсан тоогоор 600 гаруй бичиг баримт бүрдүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү процессын явцаас шалтгаалан 2021 оны хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас зөвхөн барилга, барилгын үйл ажиллагаатай холбоотой нийт 1087 өргөдөл, гомдол ирж байжээ.