Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны 10.10 цагт "Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” уулын орчимд эзэнгүй автомашин гурав хонолоо" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Цагдаагийнхан иргэний мэдээллийн мөрөөр албаны шалгалтын ажиллагаа явуулжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн иргэн 50 настай эрэгтэй машин дотроо толгой, духны хэсэгтээ сумны шархтайгаар нас барсан байсныг олжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гар буу болон сум зэргийг хураан авч шинжилгээнд явуулсан гэнэ. Одоогоор талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.