Хөгжлийн банкнаас улс төрд нөлөө бүхий албан тушаалаа ашиглаж зээл авсан, хуулийн шаардлага хангахгүй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн, авсан мөнгөө хугацаанд нь буцаан төлөөгүй аж ахуйн нэгжийн удирдлага, тус банкны эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-т байгуулагдсан ажлын хэсгийнхэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тус газрынхан албан ёсны цахим хуудсандаа “Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаанбаатар хотод 15, орон нутагт гурван объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийв” хэмээн мэдээлсэн.
Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДАД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Бидэнд олдсон мэдээллээр энэ 18 объект нь Худалдаа, хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд аж. Тухайлбал, орон нутагт Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авсан байна. Улаанбаатарт ч мөн түүний хамаарал бүхий “Кью си эс” компанийн байранд нэгжлэг хийсэн аж. Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлүүдийн дотор “Кью эс си” компани, Хөтлийн цемент, шохойн үйлдвэрийнх багтсан байдаг. Жишээ нь, “Кью эс си” ХХК-ийн 71.3 сая ам.долларын өр төлөгдөөгүй, “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн II шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тн хүргэж өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах” менежментийн хувьчлал хийх нэрээр Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Бэйзмент” ХХК-ийнхан Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61 265 000 ам.долларын зээлийг 2012 оны аравдугаар сарын 19-нд авсан ч төлөөгүйтэй холбоотойгоор ийнхүү газар дээр нь нэгжлэг хийсэн байна.
АРИЛЖААНЫ БАНКНЫХАН 1.1 ТЭРБУМЫН ҮЛДЭГДЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА
ЭЦА-нд шалгаж байсан “Чингис хаан” банкны удирдлагын хэргийг Хөгжлийн банкныхантай нэгтгэн шалгуулахаар АТГ-ын ажлын хэсэгт шилжүүлсэн тухай мэдээллийг баттай эх сурвалжууд бидэнд өгөв. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нь хэргийг нэгтгэн шалгуулах гол үндэслэл болсон аж. Тодруулбал, тэрбээр албан тушаалаа ашиглан “Чингис хаан” банканд 13 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан үйлдэлд холбогдсон гэнэ. Арилжааны эл банкныхан арьс шир боловсруулах үйлдвэрийн төслөө санхүүжүүлэхээр уг мөнгийг аваад эргэн төлөх хугацаа нь өнгөрөөд байхад 1.1 тэрбумын үлдэгдлээ өгөхгүй “луу унжсан” байдаг. Түүнчлэн “Чингис хаан” банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Ньюстандарт финанс” компанийн ТУЗ-ийн гишүүн Ш.Бүтэдийн хамааралтай “Мондулаан трейд” ХХК-ийнхан ч Хөгжлийн банкнаас 17.7 тэрбумын зээл авсан асуудалд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын дэмжлэг байсан, эсэхийг хууль сахиулагчид шалгаж буй юм билээ.
“БЭРЭН ГРУПП”-ИЙН Б.МӨНХТӨРИЙГ ЦАГДАН ХОРЬСНЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ГОМДОЛ ГАРГАВ
Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсгийнхэн мэдээлэл хийхдээ зээлээ зориулалт бусаар ашигласан 20 аж ахуйн нэгж байна гээд, тэдний дотор “Бэрэн групп” ХХК-ийг тодотгосон. Тус компани Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч зориулалт бусаар ашиглаж, мөнгө угаасан хэмээн АТГ-ын ажлын хэсгийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн, захирал Б.Мөнхтөрийг нь цагдан хорьж шалгаж эхэлсэн юм. Тэгвэл цагдан хорьж шалгаж буй нь үндэслэлгүй хэмээх гомдлыг өмгөөлөгчөөрөө дамжуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан аж. Уг гомдлыг өчигдөр хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж, Б.Мөнхтөрийг үргэлжлүүлэн хорихоор боллоо.
“Монгол драй милк” компаниар дамжуулж Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй хэрэгт холбогдон шалгуулж буй “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх хурал дээрх шүүхэд гурван ч удаа болсон. Тэр болгонд яллагдагч Х.Бат-Эрдэнэ ирээгүй, нэг удаад нь Бурхан халдун руу явсан учраас өөрийг нь оролцуулна хэмээн хойшлуулж байв. Харин шүүх түүнийг цагдан хорих захирамж гаргамагц АТГ-ын мөрдөгчид гэрээс нь саатуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм билээ.
Мөн НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг цагдан хорьсныг өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хэлэлцээд 30 хоног хорих цагдан хорих захирамж үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа