Цементийг “ДЦС-4” ХК-иас гарсан хаягдал үнстэй хольж савлан, худалдаж байсан С.Оюунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, ял шийтгэлээ. Үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулж байсан нэг бус хүнийг ЭЦА-ны ажилтнууд 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж байсан. Тэдний нэг болох иргэн С.Оюунзул нь 2020 оны зургадугаар сараас аравдугаар сарын 16 хүртэл Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт “МАК цемент” ХХК-ийн 50 кг савлагаатай цементийн уут, барааны тэмдгийг ашиглан, үнс хольсон 48 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Ийнхүү хууль бус үйлдэл хийснээр “МАК цемент” ХХК-д 3.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан. Мөн иргэн М-д үнс хольсон 24 тонн цементээ худалдан 5.9 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. НПГ-аас С.Оюунзулд Эрүүгийн хуулийн 18.16-2.1 дэх хэсэгт заасан “Бусдын барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх түүнийг гэм буруутайд тооцон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.