Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж байв. Энэ хооронд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, Сахилгын хороо байгуулагдсанаар дээрх хоёр ТББ-ынхны гомдлыг шилжүүлсэн аж. Тус хорооныхон өчигдөр уг гомдлыг хэлэлцэхээр товлосон юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, дээр нэр дурдсан өмгөөлөгчтэй холбоотой асуудлаар өмнө нь зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарт сахилгын хэрэг нээгээд буй юм. Тэднийг ёс зүйгээ зөрчин, өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан хэмээн дээрх хоёр ТББ-ынхон гомдол гаргасан. Гэвч уг сахилгын хэргийг хэлэлцэх хугацааг 14 хоногоор хойшлуулжээ. Учир нь нэг бус шүүгч эрүүл мэндийн шалтгаантай хэмээн хүсэлт гаргаснаас ийн шийдвэрлэсэн байна.
Мөн энэ өдөр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт холбогдуулан иргэн Э.Авирмэд, Д.Олзвой нарын гаргасан гомдлыг хэлэлцээд, гомдол шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх долоон шүүгчид сахилгын хэрэг нээв