Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтаа цагдаагийнхан дуусгаад Хан-Уул дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. Өдгөө хяналтын прокурор нь хавтаст хэрэгтэй танилцан шүүхээс даалгасан ажиллагаануудыг гүйцэд явуулсан, эсэхийг нягталж буй юм. Нэмэлт ажиллагааг гүйцэд хийсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тун удахгүй шүүхэд шилжүүлэх аж. Түүнийг өмнө нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллагдагчаар татаад байсан агаад хохирогч, улсын өсөх идэр начин Э.Энхбат нас барсантай холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг нь өөрчлөөд буй билээ.
Олимпын аварга Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнээс мөрдөгчид нэг бус удаа мэдүүлэг авч, хүний амь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг нь танилцуулсан аж.