Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 онд илрүүлэн шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Эл хэрэгт холбогдуулан У.Алтанзаяа, түүний нөхөр Г.Болдбаатар, иргэн Х.Чинтуяа, Б.Анударь, О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Ц.Дөлгөөн, ТЕГ-ын татварын улсын байцаагч Ш.Амаржаргал нарыг шалгаж, Эрүүгийн хуульд заасан, бүлэглэн мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй юм. Дээрх хүмүүс 2017 оны дөрөвдүгээр сараас хойш хоёр жилийн турш гэмт үйлдлээ хийж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ. Тодруулбал, үйл ажиллагаа явуулдаггүй 12 компанийн нэрээр татварын байгууллагын программд НӨАТ-ыг хоосон шивж, давхардсан тоогоор 857 аж ахуйн нэгжид тооцуулж, 57 тэрбум төгрөгт ногдох татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, тухайн орлогын 2-3 хувийг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар авч байсан аж. Дээрх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдийн нэрээр аж ахуйн нэгж байгуулж, үйл ажиллагаа огт явуулдаггүй уг хуурамч компанийнхаа нэрийг ашиглан НӨАТ-ын падаанд хоосон бичилт хийж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш бараа, материал импортоор оруулж ирээгүй, ажил гүйцэтгээгүй атлаа 857 аж ахуйн нэгжид 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр худал тайлан гаргаж, үүнээс үүдэн 57 тэрбум төгрөгийн татварын орлогыг луйвардсан хэрэг өдүүлсэн юм. Улмаар хууль бусаар олсон мөнгөөрөө өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар авч, нийт таван тэрбум төгрөг-тэй тэнцэх хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц, автомашин, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан байжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх хүмүүсийн худалдан авсан хоёр орон сууц, зургаан автомашин, Төв аймгийн Баянцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг хууль сахиулагчид битүүмжлээд буй гэнэ. Тэгвэл энэ хэргийн нэг холбогдогч У.Алтанзаяа нь цагдаагийн мөрдөгчид хахууль өгсөн хэрэгт бас яллагдагчаар татагджээ. Тэрбээр өөрсдөд нь холбогдох хэргийг шалгаж буй цагдаагийн ажлын хэсгийн ажилтан мөрдөгч Ц.Б-т шинэ жилийн бэлэг гэж 2.5 сая гаруй төгрөгийн үнэтэй “iPhone-11 pro max” загварын гар утас, 50 000 төгрөгийг нөхрөөрөө дамжуулан өгсөн хэрэгт холбогдсон байна. Мөн өөр хоёр ч хүний ХААН банкны дансаар дамжуулан 600 000 гаруй төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэнэ. Үүний хариуд тэрбээр цагдаагийн мөрдөгч Ц.Б-аас шалгуулж буй хэргийнхээ явц, үр дүнгийн талаарх мэдээллийг авч байсан хэмээн буруутгагдсан аж. У.Алтанзаяагийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, хошууч Ц.Б-т нийт 3.2 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Бэлтгэсэн Г.Равжаа