Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 26-ны байдлаар 165.4 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Тодруулбал, А-80 автобензиний 66, Аи-92-ын 37, дизель түлшний 38, онгоцны түлшний 20 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байсныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. ОХУ-ын “Роснефть” компаниас өмнөх сард 77.2, БНХАУ-ын “Петрочайна интернэшнл”-ээс 12.5 мянган тонн шатахуун импортлох захиалга өгсөн аж. Тэгвэл өнгөрсөн бямба гаргийн байдлаар 62.7 мянган тонн шатахуун ачигдаад байжээ. Мөн 27 мянган тонн шатахуун ачигдахаар хүлээгдэж буй бөгөөд уг бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт хэвийн байгаа гэв. Ташрамд дурдахад, манай улс энэ он гарснаас хойш нийт 275.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнд автобензин 106.1, дизель түлш 144.5, онгоцны түлш 3.4, бусад бүтээгдэхүүн 21.2 мянган тонныг эзэлжээ.