Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2021 оны тойм” судалгаа, санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцуулав. Өнгөрсөн жил банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байж, нийт актив нь 2020 оныхоос 2.3 хувиар нэмэгджээ. IPO хийхээр төлөвлөж буй, салбарын нөлөө бүхий таван банкны санхүүгийн үзүүлэлт сайжирч, өөрийн хөрөнгө нь өссөн аж. Түүнчлэн нийт зээлийн үлдэгдэл 2020 оныхоос дунджаар 21, шинээр олгосон зээл 38 хувиар дээшилжээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хадгаламж 13 хувиар өссөн байна.
Хүнсний бүтээгдэхүүн, түлшний үнэ тогтмол дээшилж, тээвэр ложистикийн доголдол нь инфляц өсөхөд нөлөөлсөн. Цаашид ч ийм хүндрэлээс үүдэн инфляц улам дээшлэх төлөвтэйг Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг дурдав. Бас үнийн өсөлтөөс улбаатай валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй гэнэ. Үүнээс гадна нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын нөлөөгөөр хугацаатай хадгаламжийн бодит хүү жилд 7.6 хувьд хүрчээ. Ийнхүү хадгаламжийн хүү буурч байгаа нь иргэд төгрөгийн хадгаламжид мөнгө байршуулах бус, бусад хэлбэрт хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлж буй гэнэ. Үүнд эдийн засагчид бодлогын зохицуулалт хийх шаардлагатайг Г.Бумчимэг хэллээ. Ташрамд дурдахад, Монгол Улс зээл олгох боломж, нөхцөлөөрөө 190 орноос 25, зээлийн эргэн төлөлт, авлага барагдуулах үзүүлэлтээр 150-д бичигджээ
Бэлтгэсэн С.Дулам