Экс Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Беларусийн иргэдтэй хамтарч мөнгө угаадаг байж болзошгүй дуулиан дэгдлээ. Гэхдээ энэ нь шинэ мэдээлэл биш бөгөөд өмнө нь гадаад, дотоодын хэвлэлүүдээр нийтлэгдэж байв. Харин үүнийг Монгол Улсын хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл шалгаж тогтоодоггүй нь анхаарал татдаг.
Эх сурвалжийн мэдээллээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн мөнгө угаадаг байж болзошгүй асуудал нь улсаа Европын Холбооны “хар жагсаалт”-д оруулсан гэдэг. Улмаар эдийн засаг, улс төрийн бүхий л хориг тавиулсан гэдэг. Тэр асуудалд нь манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр гарч ирж байгаа нь монголчууд бидний хувьд байдлыг ноцтой болгож буй юм. Учир нь Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д ороход энэ нь нөлөөлсөн байж болзошгүй.
“МОНГОЛ, БЕЛАРУСЬ”-ИЙН ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛСАН ГЭХ ТУХАЙ
Лукашенко өөрийн төлөөлөлд улсдаа нэр алдартай тамирчдыг оролцуулдаг гэдэг. Тодруулбал, Юрий Чиж (Беларусийн Бөхийн холбооны тэргүүн), Владимир Япринцев (Беларусийн Самбо бөхийн холбооны тэргүүн) хоёрын хамтарсан “Трайпл” компанид Беларусийн байршил сайтай газар олгох, улсын өмчит үйлдвэрийн тоног төхөөрөмж болох хөдөө аж ахуйн трактор, техник хэрэгсэл, уул уурхайн белаз тоног төхөөрөмжийг гадаад улсад борлуулах онцгой эрх олгодог байгаа юм. Тэд 2007 оноос Монголд айлчилж, Х.Баттулгатай холбоо тогтоожээ. Тэд соц нийгмийн буюу 1980-аад онд самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцож явсан танил нөхөд аж. Ирж уулзсан гэх В.Япринцев самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Х.Баттулга дэлхийн аварга болж байв. Х.Баттулга 2008 онд ЗТБХБ-ын сайд, 2012 оноос ҮХАА-н сайд болсон. Ингэхдээ өмнөх яамаа А.Гансүхэд хариуцуулсан. Чухам тэр үедээ беларусь нөхөдтэйгөө хамтарсан хоёр ч компани байгуулжээ. Беларусиас хөдөө аж ахуйн трактор, уул уурхайн белаз автомашинуудыг борлуулах эрх авсан “Юнайтед белаз машинери”, “Юнайтед белаз машинери инвестмент” гэх компани байгуулсан. Ингэхдээ Х.Баттулга өөрийн нэрээр бус, харин туслахуудынхаа нэр дээр компани байгуулж байв. Дээрх хоёр компанийг түүний туслах Отгонжаргал Мойл, дараа нь О.Энхмандахын нэр дээр болгож өөрчилсөн байдаг. Улмаар эдгээр компанийнхаа эзэмшлийг оффшор бүсэд шилжүүлжээ. Одоо энэ хоёр компанийг Д.Нарангэрэл, Доминикан, Эстони, Сингапурын оффшор бүс рүү шилжүүлсэн. Мөн энэ компанийг өөрийн төлөөлөгч О.Энхмандахын нэрээр гүйцэтгэж байсан бол удалгүй өөрийн туслах Отгонжаргал Мойлын нэрийг оролцуулсан. Гэтэл Лукашенкогийн улс төрийн байдал дотооддоо болон олон улсад хэцүүдэж, хориг тавигдсан, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагаас (ФАТФ) Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан, энэ асуудал нь Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкогийн мөнгө угаах схем Монголоор дайрч байгаа тухай асуудлыг Европын Олон улсын мэдээллийн агентлаг дэлгэж тавьсан даруйд Отгонжаргал Мойлын нэрийг хамтарсан компаниас салгажээ.
Түүнчлэн Х.Баттулга нь О.Энхмандах, Отгонжаргал Мойл нараар дамжуулан “Монгол хьюндай автоматив” ХХК-ийг эзэмшиж, төрийн байгууллагуудад олон тооны Өмнөд Солонгосын “Хьюндай” маркийн автомашинуудыг өндөр үнээр нийлүүлдэг гэдэг.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД “БЕЛАЗ” НИЙЛҮҮЛСЭН ГЭХ ТУХАЙ
Дээрх компаниудаар дамжуулан Беларусиас нэг бүр нь 100 тн-ын даацтай 700-800 мянган ам.долларын белаз машинуудыг авч Монголын “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.1 сая ам.доллароор нийлүүлдэг. Гэтэл ийм хүчин чадалтай “Са1егрМ1аг”, “Кота1зи”, “НМасМ” зэрэг дэлхийд алдартай уул уурхайн автомашин Монголд 1.1 сая ам.доллароор зарагддаг байх нь тэр. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” хүнд даацын машин механизм гэж тендер зарлах ёстой атал “Белаз” брэндийн гэх нэрийн дор онцгойлон тендер зарлаж Тендерийн тухай хуулийг ноцтой зөрчдөг. Сүүлийн хоёр жилийн дотор буюу Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх хугацаанд төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 121.2 тэрбум төгрөгийн “Белаз” машин нийлүүлэх тендерт “Юнайтед белаз машинери”, “Юнайтед белаз машинери инвестмент” компани ялж, гэрээ хийж, төлбөрөө 50 хувь урьдчилан авч, нийлүүлсний дараа үлдэх 50 хувийг авчээ. Гэтэл нийлүүлж буй “Белаз” машины өртөг нь гэрээний ердөө 30 хувьд ч хүрдэггүй.
Мөн Х.Баттулга нь О.Энхмандахын хүргэн М.Батгэрэлийн нэрээр беларусь хамтрагч В.Япринцевийн хамтаар “Овоот толгой ресурс” ХХК-иар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай тендергүйгээр гэрээт олборлолтын ажлыг хийх эрхийг 2020 онд авсан. Энэ тендер нь ЭТТ/202001036/01/01 дугаартай нийт 799.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй.
ХУУЛЬ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ЯАГААД “ТООДОГГҮЙ” БАЙСАН ГЭХ ТУХАЙ
Ийм ноцтой асуудлыг хууль хяналтын байгууллага, тэр дундаа АТГ яагаад “тоодоггүй “ вэ гэдэг асуулт гарч ирээд байдгийг дээр хэлсэн. Учир нь улсын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч С.Алиманцэцэг бол А.Гансүхийн нэг ангийн найз, ойрын хүн. Монголчууд бараг бүгдээрээ мэднэ дээ. А.Гансүх өмнө нь 2012 онд Зам, тээврийн сайд болсны дараа МИАТ ХК-ийн хуулийн хэлтсийн захирлаар С.Алиманцэцэгийг томилж байсан түүх ч бий. Мөн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын ангийн найз, ойрын хүн Э.Батбаярыг 2019 онд ШЕЗ-ийн даргаар томилсон. Ийм байхад дараа дараагийн үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхой юм.
СИНГАПУР ЛУУ ШИЛЖҮҮЛЖ БУЙ ТАЛААР
Монгол Улс Сингапурыг “оффшор бүс”-ээр зарласан. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн орооцолдсон схем Сингапур луу “гараад явчихдаг” юм байна. Тодруулбал, “Юнайтед белаз машинери” компаниар дамжуулан төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”, “Шивээ овоо”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанид нийт 142.1 тэрбум төгрөгийн “Белаз” машинуудыг өндөр үнээр нийлүүлсэн. Мөн “Овоот толгой ресурс” компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн А багцыг буюу 799.3 тэрбум төгрөгийн гэрээт ажлыг тендергүйгээр авч, нийт 941.4 тэрбум төгрөг буюу бараг нэг их наяд төгрөгийн гэрээ хийж, орлого олжээ. Энэхүү орлогыг ихэвчлэн Сингапурын Далайн чанад дахь нэгдсэн банк руу “гүйлгэж”, мөнгөө угаадаг.
ХУУЛЬ БУС, ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Экс Ерөнхийлөгч 2003 онд “Төгрөг нуур энержи” ХХК байгуулж, социализмын үед нөөц нь тогтоогдсон ордыг шилжүүлэн авч, Хонконгийн оффшор бүсэд “Монголиа инвестмент групп” компани байгуулсан. Уг компанийг 2008 онд Хонконгийн биржид бүртгэлтэй компанитай нэгтгэж буюу шууд бусаар худалдах ажлыг гүйцэтгэн, ингэхдээ хариу төлбөр болгон хувьцаа авахдаа Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичиг М.Бөхбат, “Ард” хэмээх Батсүхийн нэрээр шилжүүлэн авч 2011 онд бүх хувьцаагаа Шанхайн нэгэн нууцлаг брокерын компаниар дамжуулан борлуулсан. Тэгэхдээ орлогоо татварт тайлагнаагүй. Эдгээрийн талаар баримт, материалыг дэлгэрэнгүйгээр эргэн танилцуулах болно.
Бэлтгэсэн ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ