Хорь гаруй жил өнгөрсөн ч С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлж бас шийдэж чадахгүй байна. Хэдэн жилийн өмнө С.Зоригийг хөнөөсөн алуурчныг илрүүллээ, ял оноолоо хэмээсэн ч энэ нь үнэн хэрэгтээ улстөрийн тоглолт байсан. Өдгөө тухайн С.Зоригийг хөнөөсөн гэх "хэрэгтнүүдийг" эрүүдэн шүүсэн хэргээр өөр хүмүүсийг яллаж байна. Тодорхой хэлбэл, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан бусдыг эрүүдэн шүүх ажиллагаа зохион байгуулсан гэгдээд буй Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга асан, хурандаа О.Бархабадид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Уг шүүх хуралдаанд С.Зориг агсаны амийг хөнөөсөн хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон ч эрүүдэн шүүж, ял тулгасан гэх үндэслэлээр батлан даалтад байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцох юм.
Уг нь 2021 оны зургадугаар сарын 15-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргасан.
Гэвч хохирогчдын гомдлоор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-нд хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон юм.