Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосож авчээ. Тэдний хоёр нь Кировоградад сурдаг оюутан аж. Мөн Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа. Харьков хотоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм.
Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковоос манай оюутнууд бүрэн гараад байна. Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна. Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд 2 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна. Иргэдээс 2 дугаар сарын 27-ны өдөр 3 иргэн эх орондоо ирсэн бол 15 иргэн 3 дугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.