…Ийнхүү Багахангай, Налайх зэрэг нийслэлийн есөн дүүргийн спорт цогцолборт иргэд 06.30-07.30 цагт дасгал хийх, тоглоом тоглоход нээлттэй болжээ. Түүнчлэн аймгийн төвийн иргэдэд ч ийм боломж бий бөгөөд зарим аймгийн спорт танхимыг 06.30-08.00 цагт ажиллуулж эхэлсэн юм билээ. Харин бассейнд үнэ төлбөргүй сэлнэ гэдэг нь ташаа мэдээлэл аж…
Үүр цайгаагүй, харуй бүрий цагаар хүмүүс дасгал хөдөлгөөн хийхээр цугладаг болжээ. Иргэдийн ажил, гэрийн ойролцоох спорт танхим, цогцолборт даваагаас баасан гараг бүрийн 06.30 цагт хөгжим хангинаж эхлээд 10 хонож буй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян” эхлүүлснээ мэдээлж, өнгөрсөн сарын 17-ноос нийслэлийн есөн дүүргийн, зориулалтын танхимд иргэдийг өглөөгүүр, үнэ төлбөргүй спортоор хичээллэх боломж бүрдүүлсэн. Уг аянд хүмүүс хэрхэн хамрагдаж буй талаар сурвалжлахаар өчигдөр 06.40 цагт “Баянгол” спорт цогцолборт очсон юм. Тус цогцолборын танхимуудыг нэг нэгээр нь ашиглалтад оруулж байгаа гэнэ. Бассейн болон спортын хоёр том танхимтай, зоорийг нь оролцуулбал дөрвөн давхар, ёстой л “будаг нь ханхалсан” шинэ барилга аж. Уг цогцолборыг өнгөрсөн жилийн тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч хил хаагдан, ачаа тээвэр саатсан нь нөлөөлж, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байжээ. Харин “Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян”-д хамрагдах, өглөөгүүр дасгал хийх хүмүүсийг хүлээн авч, ийн ажлаа эхлүүлж байна. “Баянгол” спорт цогцолборын дасгалжуулагч багш Э.Гантогтохоос өглөө хэр олон хүн ирж буйг нь асуухад “Өнөөдөр (өчигдөр) 30 гаруй хүн ирсэн байна. Ер нь янз бүрийн тооны хүмүүс цугладаг. 10 хоногт багадаа 20, ихдээ 60-аад хүн ирж, дасгал хийсэн. Хоёр багш ээлжлэн, биеийн чилээ гаргах, үе мөчөө идэвхтэй хөдөлгөх, мөн сунгалтын дасгалыг өглөө бүр, нэг цаг зааж байгаа. Цаашид хүмүүс идэвхтэй хамрагдаж хэвших үед хороо, дүүргүүдийн дунд тэмцээн болон спорт өдөрлөг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөтэй. Иргэд өглөө бүр, эсвэл өнжөөд нэг удаа ч болов дасгал хийж хэвшвэл илүүдэл жингүй, эрүүл саруул амьдрахад нэн тустай” гэв. Дээрх цогцолборт өчигдөр дасгал хийхээр ирсэн Ч.Хишигттэй дараах яриаг өрнүүлэв.
-Дасгал хийх боломж бүрдүүлж өгсөнд сэтгэл хангалуун байна уу. Өглөө бүр ирж чадаж байгаа уу?
-Энд нас, насныхан цугласан нь сайшаалтай. Би ер нь хөдөлгөөнийг эрхэмлэдэг. Урин дулаан цагт бол орон сууцынхаа гаднах төхөөрөмжүүдийг ашиглан өдөр бүр шахам дасгал хийдэг. Харин хүйтрэхээр хэцүү. Ийм тохилог, шинэ танхимд дасгал хийх боломж олгосон нь олзуурхууштай. Дасгал хөдөлгөөн бол эрүүл байх нэг үндэс учраас аян хэрэгжүүлж эхлүүлсэнд талархаж байна. Цаашид иог болон хийн дасгалыг таван өдрийн ядаж нэгт нь зааж, хийлгэж хэвшвэл ихээхэн хэрэгтэй. Азийн зарим оронд дундаж наслалт өндөр, иргэд нь эрүүл байдаг нь хийн дасгал тогтмол хийдгийнх юм шүү дээ гэв.
Тус цогцолборын хажууд ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль бий. Сургуулиудын спорт танхимд өглөөд мөн дасгал хийх боломжтойг мэдээлсэн билээ. Тэгвэл одоогоор дээрх сургуулийн зааланд иргэдийг хичээллүүлж эхлээгүй байгаа аж. Хэрэв өглөөний дасгал хийх хүмүүс олширч, талбай хүрэлцээгүй болбол сургуулиудын танхимыг ашиглаж болох гэнэ. Гэхдээ 06.30 цаг гэхэд спорт танхимаа онгойлгон, сурагчдаа дасгал хийх, тоглоом тоглох боломж бүрдүүлж өгчээ. Өчигдөр дээрх сургуулийн зааланд 07.00 цагийн үед гурван хүү сагсан бөмбөг тоглож байв. Тэд өглөө эрт заал онгойдог болсонд баяртай байгаа гэсэн юм. Хичээл нь 08.00 цагт эхэлдэг бөгөөд эрт ирж, сагсан бөмбөг тоглох нь таалагдаж байгаа хэмээсэн.
Дасгалаа хийчихээд амсхийн, ус залгилангаа ярилцаж суугаа зургаан хүн бол Сүхбаатар дүүргийнхэн. Барагцаалбал 55-60 насны дөрвөн эмэгтэй, хоёр эр өчигдрийн 07.40 цагт бидний нэрлэж заншсан Спортын төв ордны А зааланд ийн цуглан, хоймор хэсэгт нь “Илүүдэл жингүй-эртэч Монгол” гэсэн бичиг бүхий хулдаасан хэвлэлийг буулган, хөгжим сэлтээ хурааж байсан нь өглөөний дасгал дөнгөж дууссаны шинж. Амсхийж байсан дээрх хүмүүсээс “Илүүдэл жингүй-Эртэч монгол” хөтөлбөрт хэзээнээс хамрагдаж эхэлснийг нь тодрууллаа. Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Б.Цэнджав “Спортын төв ордонд хоёрдугаар сарын 17-ноос ирж “бэлтгэл хийдэг” болсон. Манай гэр ойр учраас ер төвөг байхгүй. Ажлын өдрүүдийн өглөө бүр нэг цаг голдуу гимнастик хийдэг. Дасгалжуулагч багш нар удирдаад, хөгжим хангинаад гоё шүү дээ. Ингэж өглөөд дасгал хийгээд 10 хоносон байна. Бие хөнгөрөөд, сэтгэл санаа ч өөдрөг болж эхэлсэн. Ийм аян санаачлан, дасгал хийх боломж бүрдүүлсэнд үнэхээр талархаж байна” гэв. Мөн Ч.Бат-Эрдэнэ “Манайх Сүхбаатар дүүргийн XII хороо буюу “100 айл”-ын орчимд гэр хороололд амьдардаг. Спортын төв ордонд ирж, дасгал хийж болохыг хорооны даргаас сонсоод хоёрдугаар сарын 17-нд хамгийн эрт ирсэн нь би. Өглөөд нэг цаг дасгал хийгээд гарахад бие сэргээд, таатай болдог. Цаашдаа ялангуяа гэр хороололд амьдардаг хүмүүс дасгал хийсний дараа шүршүүрт орох хэрэгтэй байна. Даварсан хэрэг болж магадгүй ч шүршүүрт орох боломж бүрдүүлж өгвөл сайн сан. Ах нь эрт босож, дасгал хөдөлгөөн хийж дадахаар шийдсэн” гэв. Спортын төв ордны “амьдрал” эрт буюу 06.30 цаг гэхэд “Илүүдэл жингүй-Эртэч Монгол”-д хамрагдах хүсэлтэй хүмүүсийн дасгалаар эхэлдэг юм байна. Уг дасгалыг дуусахтай зэрэгцэн талбайд цөөнгүй хүн, тамирчин гарч ирж, сагсан бөмбөгийн бэлтгэл эхлүүлэн, дуу шуу нь нэмэгдээд явна билээ. Тус ордны мэргэжилтэн Ш.Тодгэрэлээс иргэд өглөөний дасгалд хэр хамрагдаж буйг тодрууллаа. Тэрбээр “Хүмүүс улам бүр идэвхтэй болж байна. Эхний өдрүүдэд ганцаараа ирж байсан нэг нь маргааш, нөгөөдрөөс нь найз нөхдөө дагуулан, баг хамт олон бүрдүүлээд ирдэг болсон. Өнөөдөр (өчигдөр) 30 гаруй хүн цуглалаа. Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 хоногт өглөө хамгийн ихдээ 300 хүн ирсэн. Бүгд төрийн албаныхан. Цаашид байгууллагуудыг нэгдсэн журмаар 7-10 хоног бүр цуглуулж дасгал хийлгүүлж хэвшүүлэх юм билээ. Одоогоор зөвхөн гимнастик хийлгэж буй бол цаашид баг хамт олон бүрдүүлж, гар болон сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж илүү хөгжүүлнэ” гэсэн юм.
Ийнхүү Багахангай, Налайх зэрэг нийслэлийн есөн дүүргийн спорт цогцолборт иргэд 06.30-07.30 цагт дасгал хийх, тоглоом тоглоход нээлттэй болжээ. Түүнчлэн аймгийн төвийн иргэдэд ч ийм боломж бий бөгөөд зарим аймгийн спорт танхимыг 06.30-08.00 цагт ажиллуулж эхэлсэн юм билээ. Харин бассейнд үнэ төлбөргүй сэлнэ гэдэг нь ташаа мэдээлэл аж.