Эдийн засгийн нөхцөл байдал, статистик болон цаашид хэрэгжүүлэх зарим төлөвлөгөөнийхөө талаар Монголбанкнаас өчигдөр мэдээлэл хийв. 2021 онд манай улсын эдийн засаг 1.4 хувиар өсөн, инфляцын түвшин улсын хэмжээнд 14.6 хувьд хүрсэн. Мөн өрхийн хэрэглээ буурч, мөнгөний эргэлт багассан. Үүнд цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор БНХАУ хилийн боомтууд дахь нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан, тээвэр ложистикт хүндрэл учирч, экспортын хэмжээ багассан, нийлүүлэлт доголдсон зэрэг нь голлон нөлөөлснийг дээрх банкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа хэлэв. Гэсэн ч энэ оны хоёрдугаар улирлаас инфляцын түвшин аажим буурах төлөвтэй байлаа. Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр улирлаас ажиллах хүчний оролцооны түвшин ахисан нь өрхийн хэрэглээг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх нэг нөхцөл болох байжээ. Гэтэл ОХУ-д өдгөө үүссэн нөхцөл байдлын улмаас хойд хөршөөс импортолдог эрчим хүч, шатахууны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэнэ. Тодруулбал, ОХУ-ын эсрэг зарим орны тавьсан хоригоос шалтгаалан, улс хоорондын төлбөр тооцооны swift систем хаагдан, манай импортод ч хүндрэл учрах магадлал бүрджээ. Тиймээс шатахууны нөөцийг хэвийн байлгахад компаниуд анхаарч, шаардлагатай бол валютын нийлүүлэлтийг өсгөх боломжтойг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар манай улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байсан нь 7-9 сарын хугацаанд импортод зарцуулах хөрөнгө гэнэ. Шатахуун импортлогчдод сүүлийн гурван сард 340 тэрбум төгрөгийн репо санхүүжилт олгосон нь импортын голлох бүтээгдэхүүнийг тасралтгүй хангах нөхцөл бүрдүүлнэ хэмээн тооцжээ. Үүнээс гадна ипотекийн зээлийн санхүүжилтэд 2021 онд нэг их наяд төгрөг зарцуулсан бол энэ жил 700 гаруй тэрбумыг олгохоор төлөвлөснийг мэдээлсэн юм.
Бэлтгэсэн С.Дулам