…Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улс интернэт хэрэглээ, техник, технологийн хүртээмжээрээ дэлхийд цойлох шахам зүйл ярьж байхад боловсролын салбар хариуцсан сайд нь төсвийн хөрөнгөөр багш нарт компьютер тараах асуудлыг ийнхүү хөндөх болов…
Монгол Улсын нийт өрхийн 97.9 хувь нь гар утастай гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн. Бас нийт өрхийн 80 хувь нь интернэттэй. Эдгээр тоон мэдээллээс үзвэл бид бараг нийтээрээ шахам мэдээллийн технологийн хөгжлөөс хоцроогүй, хөл нийлүүлэн алхаж яваа, “Цахим үндэстэн” гэх Засгийн газрын зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан огт өөрийг хэлж буй юм. Тодруулбал, мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэгслийн дутагдалтай байдлаас шалтгаалан сурагчид өнгөрсөн хоёр жилийн турш цахим хичээлээ төдийлөн үзэж чадаагүй хэмээн тэрбээр мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “Хүүхдүүдэд гар утас, компьютер өгөх сайн дурын аян өрнүүлж байна”, “Багш нарт төрөөс компьютер авч өгөх хэрэгтэй” гэж боловсролын салбар хариуцсан сайд нь байсхийгээд л дуугарах болов. Гол асуудал нь төрийн хоёр яамнаас эрс тэс зөрүүтэй, тэнгэр, газар шиг ялгаатай тоо баримтууд хэлж, толгой эргүүлчихээд байгаа явдал юм. Үнэн хэрэгтээ Монгол Улсад интернэт, харилцаа холбооны хэрэгслийн хүртээмж, мэдээллийн технологийн хөгжил сайн байна уу, эсвэл саар уу гэдэг нь тодорхой бус.
Саяхан байгуулсан, үйл ажиллагаа явуулаад удаагүй Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Өрхийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмж” судалгааныхаа дүнг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан. Ингэхдээ манай улсын нийт өрхийн 97.9 хувь нь гар утас, 97.3 хувь нь зурагт, 80 хувь нь интернэттэй гэх “том” тоо дурдсан юм. Харамсалтай нь, эдгээр тоон үзүүлэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ных нь мэдээллүүд алхам тутам үгүйсгэдэг. Төрийн хоёр яамны мэдээллүүд яагаад зөрүүтэй байна вэ. Аль нь үнэн бэ гэдгийг хамгийн чухал салбаруудын нэг боловсролоор жишээлэн хүргэе. Тус салбар цар тахлын “шуурганд” хамгийн их өртсөн бөгөөд сурагчдын эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр манай улсад багагүй хугацаанд танхимын сургалт явуулаагүй. Ингээд манайд урьд өмнө төдийлөн хэрэгжүүлж байгаагүй цахим, теле хичээл, зайны сургалтыг хүүхдүүдэд хоёр жилийн хугацаанд туршсан билээ. Энэ утгаараа боловсролын салбар нь манай улсын цахим хөгжлийн түвшний хамгийн сайн хэмжүүр болох боломжтой юм.
Тэгвэл өнгөрсөн хоёр хичээлийн жилд техник, технологийн асуудлаас шалтгаалаад буюу интернэт, компьютер, тэр ч бүү хэл зурагтгүйн улмаас 178 577 хүүхэд цахим, теле хичээлийг огт үзээгүй. Энэ нь нийт сурагчийн 16 хувьтай тэнцэнэ. Харин НҮБ-ын Хүүхдийн санманай улсад хийсэн судалгаагаараа үүнээс арай ахиу тоо гаргаж, сурагчдын 21 хувь нь ямар нэгэн шалтгаанаар зайны сургалтад хамрагдаж чадаагүй гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн бусад сурагчийн хувьд ч зайны сургалтад бүрэн хамрагдаагүй, алдаг оног “суусан”, эзэмшвэл зохих мэдлэгээ хангалттай авч чадаагүй, хоёр хүүхэд тутмын нэг нь хичээлийн хоцрогдолд өртчихөөд буй гэх мэдээллийг БШУЯ-наас өгсөн. Энэ мэт тоон үзүүлэлт болон өдгөө үүсээд буй бодит нөхцөл байдал, сурагчдын мэдлэгийн түвшин, хоцрогдол, багш нарын ажлын ачаалал ихэссэн зэргээс харахад л өмнө дурдсан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдээлэл итгэл үнэмшил багатай, харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын тайлбар үнэний ортой нь илэрхий болно. Ерөөсөө улсын хэмжээнд интернэтийн хэрэглээ, хүртээмж нь шинэ яамныхны мэдээлсэн шиг өндөр түвшний бус. Тухайлбал, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс хичээлийн хоцрогдлын судалгааныхаа үр дүнд “Гэртээ интернэтгүй, шинээр суурилуулах, дата төлбөр төлөх боломжгүй, эсхүл ухаалаг утас, хэрэгсэлгүй сурагч олон байсан. Теле хичээл үзэх боломжтой байлаа ч түүнийгээ багшид шалгуулах, даалгавраа илгээх гэхээр интернэтгүй айл олон байв” хэмээн дүгнэжээ.
Зөвхөн сурагчид бус, багш нарын хувьд ч цахимаар хичээл заахдаа томоохон бэрхшээлүүдтэй тулгарчээ. Тодруулбал, компьютер, интернэтгүй, дата авъя гэсэн ч төлбөрийг нь төлөх боломжгүй багш олон байж. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2020 онд хийсэн судалгаагаар багш нарын 31.6 хувьд нь интернэт орчин тааруу байсан гэх дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн 28 хувь нь техник хэрэгсэл дутмаг, 18 хувь нь датаны төлбөр төлөхөд хүндрэлтэй байгааг илэрхийлжээ. Улмаар 14 хувь нь цахим орчинд ажиллах туршлага огт байхгүй гэсэн аж. Үндсэндээ багш нарын тун бага хувь нь зайны сургалтыг түүртэлгүй явуулсан гэх дүр зураг үүнээс харагдана.
Хүүхдүүд, багш нараас гадна сургуулиудад ч интернэт тааруу, сургалтын хэрэглэгдэхүүн, компьютер хомс байгаа талаар бас нэгэн жишээ дурдъя. Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайланд “2017 оны байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын 86.5 хувь нь интернэтэд холбогдож, нэг компьютерт ногдох сурагчийн тоо 12.5, багшийн тоо 1.6 болсон байна” гэж дурджээ. Түүнээс хойш ерөнхий боловсролын сургуулиудын техник, тоног төхөөрөмж, интернэтийн нөхцөл байдлыг төдийлөн судлаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл, сургуулиудын интернэтийн хурд, хэрэглэх боломж, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргийг нарийн тодорхойлоогүй аж. Тэдгээрийн хэд нь интернэттэй, хүүхдүүд, багш нар компьютероор хэр сайн хангагдсаныг нэгдсэн байдлаар тогтоосон, барим тавим баримт энэ оны байдлаар л лав алга. Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Шинэ зууны боловсрол” төсөл хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд 2015 онд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн 25 000 компьютер өгсөн аж. Түүнчлэн сургуулиудад зөөврийн 11 340 компьютер хүлээлгэн өгсөн гэнэ. Түүнээс хойш сургуулиудын техник, технологи, ялангуяа компьютерын хангамжийг нэмэгдүүлэхэд дорвитой анхаарал хандуулаагүй байна. Цар тахлын улмаас улс даяар зайны сургалт явуулахаар болж, БШУЯ-наас өнөөх компьютеруудаа “эрэн сурвалжилтал” ихэнхийнх нь ашиглалтын хугацаа дууссан, эсвэл эвдэрч, акталсан байж.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өдгөө “Багш нарынхаа цахим хэрэглээг хангахгүйгээр зайнаас хичээл орж байна гэж хүний нүд хуурч болохгүй. Тиймээс энэ оны төсөвтөө нэг хүүхдийг сургахад гаргах хувьсах зардлыг нарийн тусгаж байна. Ингэснээр багш нарын халааснаас гардаг байсан дата авах төсвийг хүүхдийн хувьсах зардлаас олгодог болно. Мөн сургуулийн мэдээлэл зүйн кабинетуудыг шинэчлэх зардлыг шийднэ. Бүх багш нартаа компьютер авч өгөхөд 140-160 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг нэг “амьсгаагаар” гаргаж чадахгүй учир үе шаттайгаар хэрхэн шийдвэрлэх арга замыг судалж байна” гэж саяхан дурджээ. “Цахим үндэстэн”-ий бодит нөхцөл байдал ердөө л ийм байгаа юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улс интернэт хэрэглээ, техник, технологийн хүртээмжээрээ дэлхийд цойлох шахам зүйл ярьж байхад боловсролын салбар хариуцсан сайд нь төсвийн хөрөнгөөр багш нарт компьютер тараах асуудлыг ийнхүү хөндөх болов. Засгийн газраас цахим шилжилт, цахим харилцаа гэсэн агуулга бүхий том том зорилт ярьж буй атал хамгийн чухал боловсролын салбарт нь багш, сурагчгүй зайны сургалтдаа ч хамрагдаж чадахгүй байгаа нь гарцаагүй үнэн. Төрийн байгууллагынхан өөрсдөө ийнхүү зөрүүтэй байр суурь, тоон мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдүүлэхээр өнөөх “цахим үндэстэн” болох зорилго, цахим шилжилт хийх зорилт нь үнэхээр биелж чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Товчхондоо, цахим шилжилтийн суурь нь бэхжээгүй байна.
Бэлтгэсэн М.Оч