Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Украинд үүссэн нөхцөл байдлын талаар болон тэнд байгаа оюутнуудыг татах үйл явцын талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр “Харьковт байгаа оюутнуудыг татахаар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Тэнд манай 18 оюутан бий. Оюутан бүрт монгол мөнгөөр 1.2 сая төгрөг өгсөн. Гэвч тэнд хүнсний хомсдол үүссэн учраас нөхцөл байдал хүнд байна. Бүх боломжоороо тэдэнтэй холбоо тогтоож байгаа. Сүүлд зургаан цагийн өмнө холбогдсон. Эцэг, эхүүд мэдээж үр хүүхдэдээ санаа зовж байгаа. Гэхдээ бид тэнд нөхцөл байдал хүнд байгааг бодитоор мэдээлж буй” хэмээлээ.
Харьков хотод өнөөдрийн байдлаар 18 оюутан, нэг Монгол иргэн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ, өөр нэг Украин иргэншилтэй монгол иргэн бий аж. Мөн Украин иргэнтэй гэр бүл болсон манай улсын 10 орчим хүн бий гэнэ. Тэд хоргодох байранд байгаа бөгөөд нөхцөл байдал тухайн газарт маш хүнд байгааг ГХЯ онцолж байна.
Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Улаанзагалмайн нийгэмлэгийг нэвтрүүлэхгүй байгаа аж. Тэдэнтэй холбоо тасрахыг үгүйсгэхгүй. Хэрэв тасарсан тохиолдолд хаанаас олж болох вэ гэдгийг оюутнуудтай ярилцан, тохирчээ. Мөн Консулын газрын захирал Б.Болд viber-аар байнга холбоотой байгаа гэнэ.
Гадаад харилцааны яамнаас 24 цагийн штаб гарган ажиллуулж буй. Тиймээс иргэдийн санал гомдлыг өдөр шөнийн аль цагт хүлээн авах гэнэ.