Монголын хөрөнгийн биржид одоогоор 180 гаруй компани бүртгэлтэй байна. Үүнээс I ангилалд 22, II-т нь 40, үлдсэн нь III ангилалд багтжээ. Тус биржид бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу ногдол ашиг хуваарилах, эсэх шийдвэрээ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ирүүлэх учиртай. Тэгэхдээ хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох зэргийг нээлттэй мэдээлдэг. Компаниуд 2021 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хүртээх, эсэх шийдвэрийг мэдээлэх хугацаа энэ сарын 18-нд дуусгавар болсон. Тэгвэл 88 компани шийдвэрээ ирүүлснээс 35 нь нийт 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 135 631 хувьцаа эзэмшигчдэд өгөхөөр болжээ. Дээрх 35 компаниас 10 нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум төгрөгөөс дээш, борлуулалтын орлого нь сүүлийн нэг жилд таван тэрбумаас доошгүй байсан гэсэн үг. Мөн нэг тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний цэвэр ашигтай ажилладаг, нийт хувьцааныхаа дөрөвний нэгээс багагүйг ширхгийг олон нийтэд санал болгон биржээр борлуулдаг компаниуд юм. Үүнд АПУ, “Сүү”, “Тавантолгой”, “Түмэн шувуут”, “Талх чихэр”, “Махимпекс”, “Ард кредит” зэрэг компани багтжээ. Улмаар I ангиллын 10 компани нийт 130 орчим тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг хүртээхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь компаниудын 2021 онд олгох нийт ногдол ашгийн 87 орчим хувь юм.
Цар тахлын улмаас олон улсад тээвэр ложистикийн хүндрэл үүсэн, бүх төрлийн барааны нийлүүлэлт удааширсан. Бараа, үйлчилгээний үнэ тогтмол өссөөр байгаа. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл 2019 оныхтой харьцуулахад өнгөрсөн жил багадаа 25 хувиар дээшилж, үнэ нь жилд дунджаар 30 хувиар нэмэгдсэн гэсэн статистик бий. Тэгвэл хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компанийн цэвэр ашгийнх нь хэмжээ нэмэгдэн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн аж. Мөн банк санхүү, даатгал, барилга, угсралт, эм болон хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа ирүүлж, цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болов. Түүнчлэн ногдол ашигт тараах хөрөнгийн хэмжээ хамгийн өндөр нь АПУ компани бөгөөд 112 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор төлөвлөжээ. Харин 13 тэрбумыг “Тавантолгой”, 2.2 тэрбумыг “Гутал” компани өгөх нь удаах байруудад жагссан дүн болов. Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн оны үйл ажиллагааны байдал, компаниудын борлуулалтын орлого, цэвэр болон ногдол ашгийн хэмжээний талаар тус биржийн нэгэн мэргэжилтэн “Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх жилийнхээсээ 97.5 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт хүрсэн. Мөн хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр ахин 5.1, хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд хувьд хүрч томоохон ахиц гарсан. Топ-20 индекс ч 130 хувиар дээшлэн сүүлийн 30 жилийн түүхэн дэх дээд өсөлт үзүүлсэн. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээл сэргэн, арилжаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонирхол өссөнийг илэрхийлж буй хэрэг. Түүнчлэн бүртгэлтэй компаниудын санхүүгийн чадавх сайжирч, зах зээлийнх нь үнэлгээ нэмэгдсэн үзүүлэлт. Харин ногдол ашиг хүртээх, эсэх шийдвэр гарган, санхүүгийн тайлангаа хугацаанд нь ирүүлдэг компаниудын тоо цөөн хэвээр байна. Сүүлийн таван жилийн дунджаас харахад хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компанийн 20-30 хувь нь хуулийн хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлж, ногдол ашгийн талаарх шийдвэрээ гаргажээ” гэв.
Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах бүрэн эрхтэй хэмээн холбогдох журамд заажээ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах тухай тогтоол хэрэгжүүлэхийг дээрх хороо компаниудад үүрэг болгодог байна. Тэгвэл үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд компаниудын оролцоо ямар байгаа, мөн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд нь ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага ногдуулдаг талаар Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгийн зах зээлд эерэг дүр зураг ажиглагдаж буй. Харин зарим компани санхүүгийн үйл ажиллагаагаа нээлттэй тайлагнах, хувьцаа эзэмшигдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавихад учир дутагдалтай хандаж байгааг үгүйсгэхгүй. Ногдол ашиг хүртээх, эсэх шийдвэрийг энэ удаа хуулийн хугацаандаа 88 компани ирүүлсэн. Үүнээс 35 нь ногдол ашиг тараана гэжээ. Шийдвэр гаргаагүй, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод тайлагнах журмыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, 10 хүртэлх сая төгрөгийн торгууль тавих эрх бий” гэв. Үүнээс гадна тухайн компани ашигтай ажилласан ч жижиг хувьцаа эзэмшигчид олигтой өгөөж хүртдэггүй, ногдол ашгийнх нь хэмжээ бага байдгийг халахад хувьцаа эзэмшигчид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэйг Б.Долгорсүрэн дурдав. Одоогоор манай улсад жижиг хувьцаа эзэмшигчид нийлж, эрх ашгаа хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага үгүй аж. Ташрамд дурдахад, 2021 оны байдлаар хувийн өмчлөлд буй нийт 10.5 орчим тэрбум ширхэг хувьцааны 90 гаруй хувийг 1000-1200 иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж буй гэнэ. Эндээс харахад хувьцаат компаниуд санхүүгийн тайлан ирүүлэх үүргээ хуулийн хугацаанд нь биелүүлдэггүй, нийт аж ахуйн нэгжийн 20-30 хувь нь ногдол ашиг тараах шийдвэр гаргадаг байдал сүүлийн хэдэн жилд өөрчлөгдөөгүй аж. Түүнчлэн тухайн компанийн хувьцааны дийлэнхийг цөөн хүн эзэмшдэг, жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох өгөөж багатай байгааг хэлэх нь зүйтэй. Цаашид компаниудын санхүүгийн ил тод байдлыг хангуулж, тайлан мэдээгээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авсныг холбогдох байгууллагууд нь мэдээлж, хувьцаа эзэмшигч нэг бүрийн эрх ашгийг хамгаалахад анхаарах ёстой болов уу.