Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Улмаар хотын дарга сүүлд гаргасан шийдвэр ямар нөлөөтэй болох талаар бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонссон байна.
“Баатар тайж” ХХК-ийн захирал Б.Баясгалан:
-Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг манай үйлчилгээний салбарынхан маш сайн дагаж мөрддөг байсан. Гэтэл нийгэмд эрэлт нь байсаар байдаг. Эрэлтээ дагаад шагийн бизнес эрхлэгчид гарч ирж, далд эдийн засаг хөгжихөд хүрсэн. Манай зоогийн газрын үүдээр ч шагийн бизнес эрхлэгчид эргэлддэг болчихсон байсан.
Харин одоо бол өөр болж байна. Согтууруулах ундааны худалдааг хориглосон өдрийг цуцалж, үүрийн 05.00 цаг хүртэл ажиллах болсноороо хүмүүсийн соёлтой хэрэглээг дэмжиж, тэр хэрээр үйлчилгээний байгууллагуудын хөгжилд дэвшил ч нээлттэй болно гэдэгт итгэж байгаа.
Монголчууд маань хааж, хориглох тусам улам тэмүүлдэг. Монгол хүний сэтгэлгээний энэ онцлогийг харгалзах нь зүйтэй байх. Хориг саадгүйгээр чөлөөтэй худалдаад эхлэхээр байж л байдаг юм чинь гээд шунаж хэрэглэхээ болино. Маргааш ажилтай гээд хэрэглээгээ багасгадаг болох зэргээр зохистой хэрэглээнд шилжиж, нийгмийн соёл төлөвшинө.
“Кафейна” ХХК-ийн захирал Ч.Цэндбаатар:
-Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа зарж борлуулахгүй гэдгийг ард нийтээрээ бүгдээрээ мэдэж байгаа болохоор хүмүүс урьдчилж бэлтгэх юм уу, танил талаараа олж авах гэхчлэн далд эдийн засгийг хөгжүүлэхэд хүрч байсан. Хүмүүсийн хувьд 24:00 цагаас хойш үйлчлүүлэх сонирхол байдаг. Гэтэл хориг тогтоочихоор ямар нэг байдлаар үйлчлүүлэхийг хичээдэг. Үүнээс болж, татвар төлөлгүйгээр худалдаа, наймаа эрхлэгчид гарч ирж, далд эдийн засгийг хөгжихөд хүргэж байсан. Үйлчилгээний байгууллагуудын хувьд зөвхөн худалдан борлуулахаас гадна үйлчилгээний соёл түгээх, согтууруулах ундааг хоолтой хослуулж хэрэглэх дадал суулгах зэрэгт анхаарч ажилладаг.
“Bluefin” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга:
-Сар бүрийн 1-ний өдрүүдэд архи, согтууруулах ундааг хориглосноороо далд бизнесээр дамжиж шагийн наймаа газар авч, ахуйн архидалт нэмэгддэг байсан. Ахуйн архидалтаас болж гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсөх зэрэг сөрөг үзэгдлүүд их байсан. Хүмүүс олон шалтгааны улмаас уулзаж, нийлж цугладаг. Цагийн хязгаарлалттай үед үдэш оройн цагаар нэгнийдээ очиж нийлж дарвих, ахуйн хүрээнд архидах байдал гаарч байсан. Одоо эсрэгээрээ соёлтой, хэр хэмжээндээ тааруулж үйлчлүүлж эхэлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар хот шөнийн амьдрал руу үе шаттайгаар шилжих ёстой. Дэлхийн том хотуудад байдаг л амьдрал. Зохистой, зөв хэрэглээг дэмжих ёстой. Зохистой хэрэглэнэ гэдэг нь тухайн хүний ухамсраас шалтгаална. Гэтэл юм болгоныг хориглосон шийдвэр гаргаад байж болохгүй. Энэ бүхний ард дандаа эдийн засаг явж байдаг. Аж ахуйн нэгжийн ашиг орлогоос гадна татвар, орлого нэмэгдэж, эдийн засаг эргэлтэд орж байдаг.
Улаанбаатар хот зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой. Би Хотын даргаар ажиллах хугацаандаа зах зээлийгхааж, боох, хориглох гэх мэтээр хүчээр зохицуулахгүй. Би залуустаа итгэж байгаа, хотын иргэдийн орлогыг дэмжинэ. Бид зохистой зөв хэрэглээнд суралцах ёстой. Улаанбаатарт шөнийн амьдрал, шөнийн бизнес байх ёстой. Зориулалтын байртай бол ганцхан баар, диско клуб бус, зоогийн газар, кофе шопууд, таваар үйлчилгээ ч өглөөний 05:00 цаг хүртэл ажиллаж, орлогоо нэмэгдүүлж, бизнесээ тэлэх боломжтой. Одоо урин дулаан цаг ирнэ, аялал жуулчлалын улирал эхэлнэ. Соёлтой орчин, цэвэр цэмцгэр байдал, шуурхай үйлчилгээг нэвтрүүлээд, хангалттай ажиллах боломжоор хангах бодлого барьж байна гэсэн юм.
Дэлхийн хотууд өөрсдийн онцлогт тохирсон соёл, уламжлалыг шингээсэн хоолны, худалдааны гудамжийг байгуулж, иргэд олон нийтээ орлоготой байлгах бодлогыг чухалчилсаар байна. Улаанбаатар хотын хувьд монгол зан заншил, соёл ахуй, үндэсний зоог, ахуйг сурталчилсан гудамжийг бий болгож, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, цаад утгаараа аялал жуулчлал, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.