Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Кёкшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж байна. Нийслэлийн Прокурорын газраас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгаланд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3-2.2 буюу залилах, мөн хуулийн 18.6-1 буюу мөнгө угаах зүйл ангиар, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Эргэн сануулахад, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Д.Цэрэндорж нар нь гаднын хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Тодорхой хэлбэл, Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ашиглуулахаар гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь, уг гэрээ хүчин төгөлдөр бус, бөгөөд Д.Батбаяр тухайн үеийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурсан гэдэг. Улмаар 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс Д.Батбаяр нарт төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр болгож, их хэмжээний мөнгө өгсөн аж. Харин Д.Батбаяр нар бичгээр өгсөн амлалт, баталгаануудаа хэрэгжүүлээгүй нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд буй.
Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.