Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр” төслийн Монгол Улс дахь Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Удирдах зөвлөлийн гишүүд болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны албаны хүмүүс оролцсон байна.
Хурлаар эмэгтэй бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байдал, дэмжлэг авах боломж, нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Улмаар албаныханд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд эмэгтэй бизнес эрхлэгчид хэр хамрагдсан, тэднийг энэ сангаас яаж дэмжсэн талаарх мэдээлэл өгчээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ үеэр Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд ач холбогдол өгч бодлогоор дэмжих, цаашлаад тэдэнд зориулсан тусдаа сан үүсгэх шаардлагатайг онцоллоо. Мөн эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтыг тодорхой болгоё, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг бодлогын хэмжээнд авч үзэх, цогцоор харах, эрх зүйн орчин бүрдүүлэх цаг болсон зэрэг сэдвээр санал солилцжээ.