Туркийн Истанбул хотод зохион байгуулж буй, Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адъяахүү нарын удирдлагад Монголын бөхчүүд хүч сорьж буй. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт, Тунисын Марва Амрийг 12:1, шигшээд залуучуудын ДАШТ-ий аварга, АНУ-ын Мэсей Килтийг 12:0-ээр цэвэр ялсан юм. Түүнчлэн 53 кг-д Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа аваргаллаа. Тэрбээр АНУ-ын Доминик Оливиа Парришийг цэвэр ялж, ОХУ-ын Милана Дадашеваг 13:8-аар илүүрхэн Монголын багийн хоёр дахь алтан медалийг авчирсан юм. Үүнээс гадна 57 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа мөнгө, 50 кг-д “Женко” клубийн Д.Отгонжаргал хүрэл медаль зүүлээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл шигшээд Туркийн Таха Акгулд 10:0-ээр хожигдож мөнгөн медаль хүртсэн байна. Монголын бөхчүүд одоогоор таван медаль хүртсэн амжилттай барилдаанаа үргэлжлүүлж байна. Тус тэмцээн өнөөдөр өндөрлөх юм.
Бэлтгэсэн Г.Цэцэг