Нийслэлийн Засаг дарга хоёрдугаар сарын 15-наас баар, цэнгээний газруудыг 05.00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн. Мөн сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон юм. Тэгвэл эл шийдвэр бодит байдалд хэрхэн хэрэгжиж, залуус шөнийн цагаар цэнгээний газруудад хэр олон байгааг өнгөрсөн баасан гаргийн 01.00-05.30 цагт сурвалжилсан юм. Ингэхдээ хотын хүн хөдөлгөөн ихтэй гудамж, баар, цэнгээний газар, шөнийн клубүүдэд очлоо.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс урьдчилсан авсан мэдээллээр шөнийн цагаар III, IV хороолол, Сансарын Баянцээлийн гудамж, Хүүхдийн 100 орчмоор хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгаа аж. Цар тахал тархаж, цагийн хязгаарлалт, хөл хорио тогтоохоос өмнө баар, шөнийн клубүүд 04.00 цаг хүртэл ажилладаг байсан. Тэгвэл өдгөө үүнийг нэг цагаар сунгаж, аж ахуйн нэгжүүдэд орлогоо нэмэх боломж бүрдүүлсэн билээ.
Эхлээд бид III, IV хороололд очлоо. “Өргөө” кинотеатрын урд байрладаг шорлог борлуулагчид ашиг орлого ихтэй байгаа бололтой, иргэд тэднийг бүчжээ. Ширхэг шорлогт нэг нимгэн өөх, хоёр хэрчим төмс, гурван далбагар мах орно. Ингээд 2500 төгрөг болдог аж. Хорооллын эл гудамжаар хөлхөх хүн олон биш ч наад захын баараар шагайхад л хөл гишгэх шахам зайгүй харагдлаа. 01.00 өнгөрч байхад зарим иргэн хэдийн согтож, барьцалдаж, заамдалцан, баарны хамгаалагчдыг “түргэн авхуулсан” дүр зураг мэр сэр таарсан юм.
Үүний дараа Хүүхдийн 100-д очиход баар, цэнгээний газрууд нь мөн л хөл гишгэх зайгүй байлаа. Орох ээлжээ хүлээсэн залуус ч үүдэнд цөөнгүй. Баарнаас гарч ирэх хүмүүсийг хаашаа явах вэ гэж хоргоох таксины жолооч нар замд түгжрэл үүсгэж орхижээ. Таксины үйлчилгээний үнийг асуувал “Нэг км нь 2000 төгрөг” гэв. Ийм үнэтэй байгаагийн учрыг лавлахад “Орос, Украин дайтаж, шатахууны үнэ нэмэгдэнэ” гэх “их мэдэгч” ч тааралдав. Гэтэл цаанаас нь өөр нэгэн жолооч “Хаана очих вэ, км нь 1500 төгрөг шүү” гэж хоргоолоо. Хүүхдийн 100-гийн гудамжны хөл хөдөлгөөн 02.00 цаг болсон ч саарах шинж алга. Харин ч улам нэмэгдэх хандлагатай байлаа. Найзуудаараа, гэр бүлээрээ явж байгаа бололтой хүмүүс олон аж. Ойролцоох ТҮЦ-үүд бүгд нээлттэй, “GS-25”, CU-гийн сүлжээ дэлгүүр ч бас онгорхой бөгөөд архи, согтууруулах ундааг 24 цагаар борлуулж байв. Эргүүлийн цагдаагийнх бололтой машинууд ганц, хоёр харагдана. Цагдаа нар нөхцөл байдлыг ажиглахаас бус, дотогш орж шалгахгүй, эргүүл хийхгүй байлаа. Учрыг лавлахад “Зөрчил, хэрэг гарч, дуудлага ирвэл л очих үүрэгтэй болсон” гэв. Түүнээс биш баар, шөнийн клуб, PC тоглоомын газрууд, нийтийн байруудад тэд шууд нэвтрэх эрхгүй юм байна.
Сансарын гудамжинд очиход бас л хүн ихтэй. Шөнийн цаг гэхэд ч итгэмээргүй, иргэд “Нарантуул” захаар яваа гэж андуурахаар, зөрөх зайгүй шахам багшралджээ. Баарны гадна нэгэн халамцуу эр нөгөөдөө агсарч харагдана. Хамгаалагч бололтой залуу тэднийг салгаж, ууртай эрийг дотогш авч орлоо. Сансарын баарнуудад сул ширээ байхгүй, хөл гишгэх зай ч хомс аж. Хоёулаа явааг минь асууж мэдсэн зөөгч, өөр хүмүүстэй ширээнд суухыг санал болгов. Доторх нөхцөл байдлыг ажихад эрүүл ухаантай хүн тун цөөн харагдлаа. Сэтгэл хөдлөлөө барьж ядах хүмүүс л хаа сайгүй дэвхэрч, цовхчих нь харагдлаа. Чөлөөт цагаа өөрсдийнхөөрөө өнгөрүүлж байгаа хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү зохистой хэрэглээ энд огтоос үгүй байгааг л дурдмаар санагдлаа. Цэнгээний газраас гарах үед өмнө дурдсан агсам эрийг цагдаагийнхан барьж яваа нь харагдав. Тэрбээр хүний биед гэмтэл учруулжээ. Гэмтэл авсан залуу эмнэлэгт хүргэгдсэнийг цагдаагийнхан хэлсэн юм.
Сансарын гудамж хэзээнээсээ л шөнийн клуб, караоке олонтой гэдгээрээ “алдартай”. Шорлог зардаг иргэд ч хаа сайгүй харагдана. Энд харин шорлог нь III, IV хорооллынхоос арай үнэтэй буюу 3000 төгрөг аж. Зэрэгцээ хаалганд байрласан олон баарны нэгийнх нь хаалгаар шагайхад бас л дүүрэн хүн. Хөөрсөн залуус хөлсөө гартал бүжиглэж буй бололтой. Мөн л эрүүл ухаантай нь ховорхон юм. Халамцуу залуу нэгэн охины биед хүрч бүдүүлэг зан гаргаж харагдав. Бүсгүй уурласан ч залуу зогссонгүй, дахиад л давшилж байв. Тэнд байгаа хүмүүс бүгд л согтуу шахам тул залууд хориг тавих хүн алга. Тиймээс бид аргагүй эрхэд хамгаалагч дуудахад хүрэв. Хамгаалагч увайгүй залууг тооцоогоо хийсэн, эсэхийг лавласны дараа баарнаас хөөж орхилоо. Ой гутмаар, дотор бачимдмаар энэ мэт дүр зурагтай захаас аваад таарах аж.
Бидний дараагийн зогсоол “Минт” шөнийн клуб. Клубийн гадна хүн ихтэй, таскины үйлчилгээ эрхлэгчид ч олноороо багширсан харагдав. Цаг хэдийн 04.00 өнгөрсөн боловч клуб дотор орох гэсэн хүн цөөнгүй. Хувцас өлгүүрийн хэсэгт ч хувцсаа авах хүмүүс дугаарласан байлаа. Клуб доторх хүн цөөрсөн биз гэж бодтол, үгүй байлаа. Бас л хөл гишгэх зайгүй шахам. Харин өмнө нь очсон газруудаас ялгаатай нь энд тасартлаа согтсон хүн бараг үгүй шахам. Залуус хоорондоо ярилцаж, зарим нь гартаа барьсан лонхтойгоосоо ганц нэг тонгойлгосон шиг ээ бүжгийн талбайд гарч харагдав. Тэд ярьж хөөрч, инээж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа бололтой. Хэдийгээр хүн ихтэй, хөл гишгэх аргагүй бөөгнөрсөн ч тэнд архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэж байлаа. Баар, цэнгээний газруудын ажиллах цагийг сунгасан нь цагдаагийн байгууллагад хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулахаар бид нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд очсон юм. 05.00 цагийн байдлаар тэнд 55 хүнийг авчирчээ. Жижүүртэй хонож буй их эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Пүрэвдагва “Баар хаах цаг өнгөрөхөд ачаалал улам ихэснэ” гэж байв. Эрүүлжүүлэх, саатуулах төвд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт агсам тавьж зөрчил гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг авчирдаг гэнэ. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг түлхүү авчирдаг юм байна.
Цагдаагийн нэг албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгээд, 48 цаг амардаг аж. Ганц хором ч хүн тогтохооргүй гэмээр, архины эхүүн үнэртэй, өмхий орчинд 24 цаг үүрэг гүйцэтгэнэ гэдэг хүндхэн санагдсан. Энд цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг хэрхэн хэрэгжүүлдгийг лавлахад алба хаагч “Байнга агаар сэлгэж, иргэдийн амны хаалтыг хоёр цаг тутамд сольж, гарыг нь ариутгаж буй” гэв. Гэвч бодит байдалд амны хаалтаа хэрэглэсэн хүн алга, нэг бол газарт чулуудаад, эс бөгөөс гартаа тас атгаад дугжирна. Зарим нь цус нөжөө арчаад орхижээ. Торон хаалганы урдуур явах чимээнээр ганц нэг нь “Өглөө болж байна уу” хэмээн бархирах аж. Өглөө болохоор удаа дараа зөрчил гаргасныг нь харьяа дүүргийнх нь эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч, үлдсэнийг нь архины эсрэг сургалтад суулгаад, 4150 төгрөгийн хураамж аваад явуулдаг гэнэ. Эрүүлжүүлэх, саатуулах төвд энэ өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 25, танхайрсан 14, гэмт хэргийн холбогдолтой дөрөв, гудамжинд ухаангүй хэвтэж байсан найм, цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн нэг хүнийг авчирчээ.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цэнгээний газруудын ажиллах цагийг сунгаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн нь сайн хэрэг. Гэтэл нөгөө талаар хотын иргэдийн олонх нь соёлжоогүй, ухамсар суугаагүй өнөө үед уг шийдвэр нь үүр цайтал хундага сөгнөж, архидан согтуурахыг дэмжсэн гэмээр үйлдэл болжээ. Энэ хэрээр хэв журам сахиулж буй цагдаа нарын ачаалал ч илт нэмэгдсэн гэнэ. Товчхондоо, хотын даргын шийдвэр хоёр талтай байна.