“Монгол хүн монгол хүндээ тусалъя” гэх ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг энэ сарын 17-нд тагнуулын байгууллагынхан саатуулсан. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд хүмүүс янз бүрийн байдлаар үзэл бодлоо илэхийрлэх болсон. Тагнуулын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хоёрдугаар сарын 18-нд мэдээлэл хийхдээ түүнийг гадаадын тусгай албатай хамтран ажиллаж байсан гэсэн билээ. Үүнээс үзэхэд тэрбээр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавраар олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулж, улмаар хөрш орнуудтай харилцах харилцаанд сэв суулгахад хүргэж, үүндээ ард иргэдийг татан оролцуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байсан мэт харагдаж буй юм. Ингэснийхээ хариуд Ч.Мөнхбаяр гадаадын тусгай албаныхнаас мөнгөн урамшуулал авч байсныг удаан хугацааны нууц ажиллагааны дүнд тагнуулын байгууллагынхан тогтоож, баривчилсан. Түүний үйлдэл нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж харж болохоор нөхцөл байдал манай улсад үүссэн гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, “Эх хэлээ аваръя” болон “Дэлхийн монголчуудын холбоо” ТББ-ын ОХУ, БНХАУ-ын эсрэг явуулж буй үйл ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Гэхдээ Ч.Мөнхбаярын үйлдэл нь шууд утгаараа манай улс руу чиглэсэн хор уршигтай мэт харагдахгүй байхад яагаад гэм буруутай гэж үзэн саатуулав гэх асуулт урган гарна. Түүний зохион байгуулсан хэд хэдэн жагсаал, цуглааныг судалж үзэхэд хоёр хөршийг эсэргүүцэх үзэл суртлыг нийтэд түгээх санаа зорилготой байх магадлал өндөр. Тэрбээр өмнөд монголчууд, хазара нарын эрх ашгийг хамгаалах нэрээр гадаадын тагнуулын байгууллагаас авсан үүрэг даалгавраа бусдад мэдэгдэхгүйгээр гүйцэтгэдэг байсан бололтой. Иргэд “Ч.Мөнхбаяр улсын нууц задлаагүй учир гадаадын тусгай албатай хамтран ажиллаагүй” хэмээж байна. Энэ нь зохиолч, нийтлэлч, тэргүүтэй хүмүүс хууль, эрх зүйн мэдлэггүйгээ илэрхийлж буй хэлбэр гэлтэй. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийн 19.4.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол хорих ялаар шийтгэнэ” гэж заасан. Үүнээс үзэхэд гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг нь дан ганц төрийн нууц задруулснаар хязгаарлагдахгүй, тэднээс өгч буй ямар нэг үүрэг даалгаврыг их, бага хэмжээгээр биелүүлсэн, энэ талаараа тохиролцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болох аж. Уг үйл явдал зөвхөн Ч.Мөнхбаярыг гэмт буруутайд тооцоод мартах асуудал биш. Гадаадын тагнуулын байгууллагынхан үеийн үед төрийн нууцтай харилцдаг албан тушаалтнаас гадна энгийн иргэдийг ч ашигладаг байсан нь дэлхийн тагнуулын албадын олон жишээ баримтаас харагддаг. Тиймээс уншигч та бүхэн ч энэ асуудлаар нэгийг бодож, болгоомжтой, нухацтай хандах нь зөв биз ээ.
Бэлтгэсэн Г.Равжаа