Украин улсын Харьков хотод өчигдрийн 18.00 цагийн байдлаар нэг газарт 10, арай өөр хэсэгт найман монгол оюутан хоргодох байранд байлаа. Кировоград мужид байсан хоёр оюутан бол замд гарсан байв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн сошиалд ийм тоо баримттайгаар мэдээлсэн. Харин Кировоградын хоёр оюутныг бол хотоос гарсан тухай дуулаагүй байжээ гэхээр бичсэн юм. Хоргодох байранд буй оюутнуудын эцэг, эхчүүд өнгөрсөн баасан гарагт ГХЯ-нд хандаж, хүүхдүүдийг эх оронд нь татаж авах талаар ямар арга хэмжээ авах гэж байгааг асууж, санал, хүсэлтээ хэлсэн. Түүнээс хойш дорвитой алхам хийсэнгүй гэж үзсэн тэд өчигдөр мөн тус яаманд хандахад ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хүлээж авсан юм.
Уулзалтын дараа эцэг, эхчүүдийн төлөөллөөс мэдээлэл авахад “Бид яахаа мэдэхээ байлаа. ГХЯ-наас тоймтой мэдээлэл өгсөнгүй. “Харзнана” гэсэн утгатай зүйл хэллээ. Ажлын хэсэг байгуулна гэсэн сургаар түүндээ эцэг, эхчүүдийн төлөөллөөс оруулаач гэсэн хүсэлт тавихад зөвшөөрсөнгүй. Улсын нууц гэнэ. Тэгээд ч ажлын хэсэг байгуулсан, эсэх нь ч тодорхойгүй. Эцэг, эхчүүд ГХЯ-ныханд маш их гомдолтой байна” гэлээ.
Түрүүнд цухас дурдсанаа дэлгэрүүлж, Б.Батцэцэг сайдын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрбээр “Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутны хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас үлджээ. Ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй. Дайны бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан бий. Мөн Кировоградад хоёр байна. Тэд нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж буй. Манай улсын Польш дахь ЭСЯ-наас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж өгч байгаа. Хэд хэдэн сувгаар хотоос гарах заавар өгсөн. Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсынхаар нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангасан. Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрсэн дөрвөн иргэний гурав нь Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ. Бидний нэн тэргүүний зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй, хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч байна” гэжээ.
Түүнчлэн Украинд сургууль төгсөгчдийн холбооноос оюутнуудтай холбогдож буй юм билээ. Тэд “Монгол Улсын ГХЯ маш хойрго ажиллаж байна” гэв. “Үнэн хэрэгтээ юу ч хийж чадаагүй байж “Украинаас иргэдээ татан авах ажиллагаа эхлүүллээ” гэх зэргээр сүржигнэн мэдээлэх хэрэггүй шүү дээ. Иргэдээ татан авахад 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөлөө гэсэн. Хаана байгаа юм, тэр нь” гэж тэд мэдээлж байна. Холбооны нэгэн гишүүн “Ер нь бол нөхцөл байдал хэцүү байгаа. Мэдээлэл өгөхөөр янз бүрийн хүмүүс худал болгон хувиргаж бичээд, түүнийг нь хүмүүс цааш нь “сэвээд” явчих юм. Тийм болохоор болгоомжилж байна аа. Би Украинд дээд сургууль төгссөн юм. Сэтгэл тэнд л байна. Монгол оюутнууд минь яаж байгаа бол гэж санаа зовоод, заримтай нь холбогдож байлаа. Гэтэл сүүлдээ холбоо тасарсан. Утаснуудаа цэнэглэх аргагүй байгаа болов уу. Киевийнхэн бол галт тэргэнд суусан байна лээ. Сошиалд тэдгээр оюутны талаар бичиж, харааж, загнаж байгааг нь харахаар гол зурагдах юм. Оюутнууд хоргодож буй байранд нь хүнгүй юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд гэрлээ унтраагаад, чимээ гаргахгүй сууж байгаа гэж бодохоор “Та нар яаж байна” гэж асуухаас ч айх юм. Өчигдөр байрных нь нэгэн гадаад эмэгтэй хүнс авах гэж гараад буудуулаад нас барсан гэсэн. Элдэв цуу мэдээлэл тасрахгүй байна. Манай улсад нэг нөхөр “Монгол Улсын Украин дахь өргөмжит консул Эдуард Урбан тус улсад суралцаж байсан бүх оюутныг хил гаргаж өгсөн” гэж мэдээ түгээж байна. Худал. Өргөмжит консул гээд байгаа энэ хүнд монгол оюутнуудын зүгээс нэлээд дээхнээс янз бүрийн санал, хүсэлт хэлэхэд нь “Насанд хүрсэн хүмүүс байна. Өөрсдөө учраа ол” гэсэн байсан. Тэнд үлдсэн хэдээс бусад монгол оюутан бүгд өөрсдөө л хил гарсан” хэмээн бухимдангуй ярив.
Харьков дахь хоргодох байранд буй эгч, дүү хоёрын нэгнийх нь бие тааруу байгаа гэж дуулсан юм. Тиймээс ар гэрийнхнийг нь хайснаар тэдний эгч Ө.Баярчимэгтэй холбогдож мэдээлэл авлаа.
-Оюутнууд хэдүүлээ нэг дор байна вэ?
-Нисэхийн их сургуулийн дөрөв, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг гурав, архитектураар сурдаг нэг, авто замын чиглэлийн нэг, радио электроникийн ангийн нэг гэсэн 10 оюутан метроны “Пушкинский” буудлын ойролцоох орон сууцын хонгилд байна. Нөгөө бүлэг хүүхдийн долоо нь авто замын их сургуулийнх, нэг нь политехникийн дээдийнх юм билээ. Тэд өөр газарт нуугдаж байгаа. Цуг байгаа 10-ын хоёр нь миний дүү.
-Таны дүү нар хэдэн настай вэ?
-Том нь 20 настай, дөрөвдүгээр курст суралцдаг. Бага нь 17-той, хэлний бэлтгэлд очсон юм. Нэг дүү минь зүрх муутай юм. Гаднаасаа цоожтой байранд идэх, уухаар тааруу суухаар түгшээд, бие нь муудаж, ухаан алдаж унаад байгаа гэсэн. Ядаж байхад үймээн самууны үед метро руу орох гэж зүтгэж байхдаа халтирч унаад мөрөө мулталчихсан. Тэр байранд маш олон хүн байгаа тул утсаа ээлжилж цэнэглэдэг. Тиймээс байсхийгээд л холбоо тасрах юм. Байр нь усгүй тул нэг украин хүн ус залгуулж буй юм билээ.
Одоогоор манай 10-т нэг кг будаа, хоёр ширхэг нөөшилсөн мах л бий гэсэн. Маш ноцтой нэгэн асуудал байна. Тэнд Болормаа гэж эмэгтэй бий. Бидэнд өөрийгөө БШУЯ-ны хүн гэж ойлгуулсан тэр эмэгтэй манай улсын өргөмжит консул гэдэг Эдуард гэдэг нөхөртэй хамтарч залуусыг сургуульд зуучилж өгдөг хүн юм санж. Энэ хүн их гай тарилаа. Украинд байдал эвгүйдсэн тул монгол оюутнууд бүгд эх орондоо ирэхээр боломжоороо онгоцны билет захиалж явах бэлтгэл хийсэн байсан. Гэтэл тэр Болормаа хориглосон. “Энд хэдэн хойрго оюутан дайнаар далимдуулж хичээл, сургуулиасаа хөндийрөх гээд байна. Юу гэж тийм юм болох вэ” гэж эцэг, эхчүүд рүү ч утсаар ярьж байсан юм. Тэгээд зогсохгүй монголчууд сурдаг зарим сургуулийн Сургалтын алба руу утасдаж “Монгол оюутнууд ийм яриа гаргаад нутаг буцна гэвэл аргалаад л авч үлдээрэй” гэж хэлсэн байна лээ. Түүнээс болоод сургуулиудын зүгээс улсынхаа боловсрол хариуцсан яам, Засгийн газраас бичиг явуулуул гэжээ. Хэрвээ тэр эмэгтэй тэгж хэлээгүй бол сургуулиуд нь оюутнуудын өргөдлийг үндэслээд эрт чөлөөлөх байсан болов уу. Гэтэл өчигдөр тэр хүн над руу залгаад “Би монгол оюутнууддаа “Яв” гэж хэлээд л байсан, Сургалтын албанд нь хандаж “Монгол оюутнуудыг чөлөөлж өгөөрэй гээд л байлаа” хэмээн өмнө нь хэлснээ 100 хувь эргүүлж ярив. Гэтэл Гадаад харилцааны сайд нь хүртэл оюутнууд сайн дураараа, эсвэл сургууль нь зөвшөөрөөгүйн улмаас үлдсэн гэж мэдээлж байдаг. Жишээ нь, манай хоёр дүү хоёрдугаар сарын 14-нд Истанбул руу нисэхээр онгоцны билет бичүүлчихсэн байхад тэр эмэгтэй болиулсан юм. Түүний гайгаар 13-ны орой нислэг цуцалсан тухай и-мэйл дүү нарт ирсэн. Тэгээд өнөөдөр дүү нар болон бусад хүүхэд ийм байдалд орчихлоо.
-ГХЯ-нд болсон хоёр дахь удаагийн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
-Жаахан өмнөөс эхэлж ярья. Украинд сурдаг монгол оюутнууд энэ сарын 13-нд албаны хүмүүстэй цахим уулзалт хийсэн. Үүнд ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, Польш улсын нийслэл Варшав хот дахь, Украин улсад сурдаг 63 монгол оюутны асуудлыг хариуцдаг, Монголын Элчин сайд Б.Дорж, мөн манай улсын ГХЯ-нд ажилладаг бололтой Бямбасүрэн, Түвшин нар оролцсон нь бичлэгээс харагддаг. Тэр уулзалтын үеэр оюутнууд “Биднийг одоо авчихаач. Өмнө нь онгоцны билет захиалсан байснаараа хөдөлсөн бол бүгд тайван замаар явчих байсан юм. Гэхдээ одоо оройтоогүй. Онгоцны буудал нь ажиллаж байна. Монголоос тусгай үүргийн онгоц явуулж болохгүй юу” гэж асуусан. Тэгэхэд Б.Болд дарга “Тийм бололцоо байхгүй. Хэрвээ та нар айгаад байгаа бол ээж, аавтайгаа ярилцаад боломж, бололцоогоороо харьж болно” гэж хэлсэн байсан. Мөн нэг оюутан “Өөрийн чинь хүүхэд байсан бол та ингэж хэлэхгүй шүү дээ. Та нар ажлаа хийхгүй байна” гэхэд нь “Царайгаа харуулаад ярь” гэснээ “Юу яриад байгаа юм. Бид ажлаа хийж байна. Дайн хаана болох гээд байгаа юм. Болох гэж байгааг батлаадах” гэсэн. Энэ тухай эцэг, эхчүүдийн группт бичсэн нь ч бий. Энэ бол үнэхээр байж боломгүй явдал. Тэгээд бас болоогүй ГХЯ-наас эцэг, эхтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр яамнаас өгсөн заавар зөвлөмжийг зөрчөөд, амжаад эх орондоо хүрээд ирсэн хэдэн хүүхдийн эцэг, эхчүүд рүү шөнө 02.00 цагийн үед ярьж, “Мэдээлэл өгч болохгүй” гэсэн утгатай мессеж бичсэн байна. Хэд хоногийн өмнө нэгэн мэдээллийн сайтад ярилцлага өгсөн тэр хүүхдүүд өнөөдөр энд цуг байлцана гэсэн боловч шөнө бичсэн мессежээс болоод аав, ээж явуулахгүй байна” гээд ирсэнгүй. Одоогоор биднээс холбоогоо таслаад байна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Яамны, төрийн сүрдүүлэг юм уу. Эцэг, эхчүүд бүгд шоокийн байдалтай байна. ГХЯ тайлбар өгсөн. Хэрэг гарвал хэлнэ. Одоогоор арай эртдэх юм болов уу гэж бодож байна.
-Мэдээллүүдээс харахад нэг бичгийн
тухай яриа байгаа. Тэр нь тэр Болормаа гэдэг хүний үгээр сургуулиудын шаардсан зүйл үү, эсвэл өөр үү?
-БШУЯ-наас Украины талд хандаж “Танайд эмх замбараагүй байдал үүсэж магадгүй учраас оюутнуудаа татаж авъя” гэсэн бичгийг сургуулиудад нь өгчихсөн бол ийм байдал үүсэхгүй. Ийм бичгийн тухайд улстөржөөд байх юм үгүй гэж бодож байна. Зүгээр л хүүхдүүдийн хүсэлтийг үл тоож, хойрго хандсанаа өнөөдөр улс төр, улс орны байр суурьтай холбон тайлбарлаж байна. Консулын газрын захирал Б.Болд бидэнд утасны дугаараа өгсөн юм. Холбоотой байя гээд. Тийм болохоор бид олсон мэдээллээсээ хуваалцдаг л даа. Тийм зам байна. Тийшээ галт тэрэг явж байна гэх зэргээр ярихад тодорхой алхам хийгээгүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Бид ажлаа сайн хийж байна” гэж ярьдаг.
Энэ сарын эхээр албаныхан оюутнуудын хүсэлтээр мөн зүүмээр цахим уулзалт хийсэн юм билээ. Тэр үед байдал эргэлзээтэй байсан болохоор хүүхдүүд Б.Болд даргаас “Ах аа, үнэхээр дайн болох гэж байгаа юм уу. Хэрвээ тийм бол явъя. Бидэнд оюутнуудаа авах тухай бичиг хийгээд өгөөч” гэсэн байгаа юм. Тэгэхэд нь “Юун дайн. Наад улс чинь долоо, найман жил ийм байдалтай байсан. XXI зуунд юу гэж буудалцаж, байлдаж байдаг юм бэ” гээд инээсэн гэсэн. Тэгэхэд нь хүүхдүүд тайвширна биз дээ. Гэтэл удалгүй тэндхийн гадаад оюутнууд бужигнаад эхэлж. Япон, БНСУ-ын тал тусгай үүргийн онгоцоор оюутнуудаа аваад эхлэхээр нь манайхан айгаад, хоёрдугаар сарын 13-ны орой хүсэлт гаргаж зүүм уулзалт хийсэн нь тэр. Ийм шат дараалалтай үйл явдал болоод байна. Улсын маань ГХЯ ингэж хандаж байхад бид хүүхдүүдээ тэндээс яаж эсэн мэнд татаж авахаа мэдэхээ болилоо