МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш, доктор С.Батбилэг гар утасны марк тодорхойлдог ухаалаг машин бүтээх судалгааг оюутнуудтайгаа хамтран хийж байна. Ийм төхөөрөмж бүтээснээр хэрэглээнээс гарсан, эвдэрсэн гар утсыг ашиглах боломж бүрдэнэ гэж үзжээ. Цацраг идэвхт бодис агуулдаг энэ төрлийн хаягдлыг манай улс зориулалтын дагуу устгаж, дахин боловсруулж чаддаггүйгээс дийлэнх нь байгальд ил задгай хаягдаж, хөрс, усыг их хэмжээгээр бохирдуулдаг аж. Харин багахан хувь нь гар утасны засвар, сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн гарт “очдог” боловч маркийг нь тодорхойлж чадаагүй тохиолдолд мөн л хогийн сав руу хаягддаг гэнэ. Тэгвэл эл багийнхны бүтээхийг зорьж буй машин танигдахын аргагүй болтол хуучирч, эвдэрсэн утсыг ч хаанахын, “хэн” гэдгийг тодорхойлох юм байна. Доктор С.Батбилэг энэхүү судалгаа, туршилттай холбоотойгоор иргэдээс олон тооны хаягдал утас хандиваар цуглуулжээ.