Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-өөс Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Тухайн жилд нийгэмд анхаарал татаж буй онцлог сэдвүүдээс сонгон хөндөж, бодлогын санал зөвлөмж гаргах, хэвлэл мэдээллийн салбарынхан асуудлаа хамтдаа хэлэлцэж, гарц шийдэл дэвшүүлдэг нь тус форумын онцлог. Энэ жил “Ковид-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй” сэдвээр ярилцав. Форумд хэвлэл мэдээлэл, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Глоб интернэшнл” төв, “Монголын Эмнести интернэшнл” төрийн бус байгууллага, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим зэрэг хэд хэдэн байгууллагын төлөөлөл илтгэл тавьсан. ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир “Ковид-19” цар тахалтай тэмцэх төрийн бодлого, үйл ажиллагаа нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд зарим хязгаарлалтыг аргагүй үүсгэсэн. Зарим тохиолдолд энэ нь зохист хэмжээнээс хэтэрсэн. Иймд бид энэ удаагийн форумаар иргэний суурь эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээнүүдийн хэрэгцээ шаардлага, зэрэглэл, оновчтой байдлын талаар хэлэлцлээ. Мөн ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйн үүрэг цар тахлын үеийнхээс ч илүү онцгой чухал болохыг ДЭМБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллага сануулсаар ирсэн” хэмээв.
Бэлтгэсэн Р.Жаргал