Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зохион байгуулалтыг сайжруулан, тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилготой зөвлөгөөн өчигдөр боллоо. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 206 өрхийн эрүүл мэндийн төвийнхөн оролцсон байна. Улсын хэмжээнд өдгөө өрхийн эмнэлгүүдэд 3336 эмч, ажилтан ажиллаж буй аж. Өрхийн эмнэлгүүдэд хүний нөөц, санхүүжилт гээд олон асуудал тулгамдаж байгаа талаар тэд ярилцлаа.
Хөгжингүй орнуудад эрүүл мэндийн салбарынхаа нийт санхүүжилтийн 60 орчим хувийг өрхийн эмнэлгүүддээ зарцуулдаг гэнэ. Харин манай улсад эл үзүүлэлт 20 орчим хувьтай байгаа нь өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа сайжрахгүй, улмаар хүний нөөц “дайжих” шалтгаан болж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлэв. Жишээ нь, улсын хэмжээний бүх өрхийн эрүүл мэндийн төвд ойролцоогоор 2000 орон тоо дутуу юм байна. Ийм байдал үүссэн гол шалтгаан нь эмнэлгүүдийн санхүүжилт муу, эмч, ажилт-нуудын цалин бага, тэгсэн хэрнээ ажлынх нь ачаалал их байдагтай холбоотой гэнэ. Жишээ нь, эмч нарын цалин сард 800 000, сувилагчийнх 600 000 орчим төгрөг байдаг аж.
Ялангуяа цар тахлын үеэр өрхийн эмнэлгүүдийн ачаалал илт нэмэгдэж, эмч нар халдвар авсан тохиолдол ч нэлээд их байжээ. Уг нь манай улсын эрүүл мэндийн салбарын төсөв, санхүүжилт жилээс жилд нэмэгдэж буй боловч тэр нь өрхийн эмнэлгүүдэд төдийлөн “очихгүй” байгааг зөвлөгөөний үеэр онцолсон. Түүнчлэн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, цар хүрээг сайжруулах, ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэгийн төрлийг илүү олшруулах шаардлагатай гэв.