Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийг АТГ-ын ажлын хэсгийнхэн шалгаж эхэлсэн нь олны анхаарлын төвд байна. Хөгжлийн банкны энэ дуулиант үйл явдлын уг улбаа нь Төвбанкийг тухайн үед удирдаж байсан албан тушаалтнуудын хуудуутай үйл ажиллагаатай холбоотой, магадгүй Хөгжлийн банкны ТУЗ, Монголбанкныхан хяналт шалгалтаа зохих журмын дагуу тавиагүйтэй ч уялдаатай. Үүнийг цаг хугацаа, хууль сахиулах байгууллагынхны шалгалтын үр дүн харуулах биз ээ.
Юутай ч Төвбанк олон их наядын алдагдал хүлээх болсон, Монгол Улсад инфляц өссөн, төгрөгийн ханш унасан, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр дүнгээ өгөөгүй зэргийг бид өмнөх цувралуудаараа уншигчдадаа хүргэсэн. Монголбанкныхан “Маш нууц” тамга дарж хуудуутай үйл ажиллагаагаа иргэд олон нийт, эрх баригчдадаа ч мэдэгдэхгүй хэмээн дарсан байх юм. Юуг хэрхэн нууцалсан талаар мэдээлье.
НУУЦАД ХАМААРАХГҮЙ ЗҮЙЛСИЙГ НУУЦАЛЖ БАЙЖЭЭ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард Монголбанканд хийсэн шалгалтын тайланд дурдсанаар төрийн нууцад хамаарахгүй мэдээллийг түүнд хамаатуулан “Маш нууц”-алсан байж. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хуулийн 6.2-т “Хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно” хэмээн заасан. Мөн хуулийн 11.4-т “Төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг төрийн нууцад үл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зүйлд хэрэглэхийг хориглоно” гэжээ. Тэгвэл Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч нь 2013 оны долдугаар сарын 19-нд А/150 тоот “Журам батлах тухай” тушаал гаргаж нууцын жагсаалт баталсан байна. Үүндээ Төвбанкнаас арилжааны банкууд, ББСБ-ууд, Засгийн газартай байгуулсан зээлийн, хадгаламжийн гэрээ, хэлцэл, тайланг багтаажээ. Мөн гадаадын банк, олон улсын байгууллагатай хийсэн гэрээ, санамж бичгийг оруулаад 2013 оны долдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сар хүртэл нууцалсан аж. Хуулиас давсан журам батлан өөр бусад мэдээллийг ч оруулсан байгаа юм. Үүнийг “Монголбанкны удирдлага хууль бус байж болзошгүй үйл ажиллагаагаа нууцлах зорилгоор Төвбанкны үйл ажиллагаатай холбоотой дийлэнх мэдээлэл, баримт бичгийг нууцад хамааруулж, хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд шууд танилцах боломжгүй, төрийн нууцтай адилтган үзэх журам баталж, мөрдүүлсэн байна” хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд тодотгосон байна. Байгууллагын нууцад хамааруулсан бичиг баримттай танилцах бол тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авч байхаар зохицуулсан журам нь хуулиас дээгүүр “жаалсан” гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журмын 5.1-т “Нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны нэрийг холбогдох материалын хамт Тамгын газар тагнуулын байгууллагад албан бичгээр хүргүүлж, ирүүлсэн саналыг нь үндэслэн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гаргаж бүртгэлд оруулна” гэж заасан нь байгууллагын нууцыг төрийнхтэй адилтгасан, хуулиас давсан зохицуулалт юм. Байгууллагын нууц хэмээн 59 мэдээллийг хуулиас давсан журмаар хаацайлж, олон нийтийн мэдэх эрхэд халдан иргэн, хуулийн этгээд, эрх бүхий албан тушаалтан хэн ч байсан шууд танилцах боломжгүй болгожээ. Тэдний дотор алт цэвэршүүлэх, зоос цутгах гэрээ хэлцэл, холбогдох бичиг баримтууд, Монголбанкийг шалгасан хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт, арилжааны банкуудаас Төвбанканд хүргүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонинд нийтэлдэг санхүүгийн тайлан, тэнцэл, бусад мэдээ, Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлсэн сэжигтэй гүйлгээний мэдээлэл зэргийг байнга нууцлах жагсаалтад оруулсан байв. Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлсэн сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг байнга нууцалснаар хууль сахиулах байгууллагынхан уг мөнгөний эх үүсвэр, түүний цаана гэмт хэрэг байгаа, эсэхийг шалгахад хүндрэл учрах эрсдэлтэй байж.
Одоо ч гэсэн Монголбанк нууцлах шаардлагагүй маш олон зүйлийг нууцад хамааруулсан хэвээрээ. Банк санхүүгийн салбарт ажилладаг олон эх сурвалж “Санхүүгийн мэдээллийн албаны сэжигтэй гүйлгээний мэдээллийг ил болгох шаардлагатай. Сэжигтэй гүйлгээ хийж буй хэн нэгнийг өмнө нь ийм асуудалд холбогдож байсан, эсэхийг арилжааны банкны ажилтнууд ч хянаж нягталдаг байх хэрэгтэй юм” хэмээлээ. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсгийнхний шалгалтаар Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой 75 мэдээллийг хуулиас давсан журмын дор нуун дарагдуулж байна гэж дүгнээд, уг тушаалыг хүчингүй болгохыг Төвбанкны ерөнхийлөгчид даалгах шаардлагатай гэжээ. Тэгвэл өдгөө Монголбанкны нууцлах зүйлсийн жагсаалтад алт цэвэршүүлэх, зоос цутгах гэрээ хэлцэл, холбогдох бичиг баримтууд багтсан хэвээрээ байгаагаас гадна шинээр барьсан төв байр нь багтсан гэдгийг учир мэдэх олон хүн хэлж буй. Монголбанкны Эрдэнэсийн санд байдаг зүйлсээс шинээр барьсан төв байрандаа оруулаад улмаар барилгыг тэр чигт нь нууцад хамааруулсан гэх.
ХӨГЖЛИЙН БАНК ВЕКСЕЛИЭР МОНГОЛБАНКТАЙ ХОЛБОГДСОНЫ УЧИР
Хөгжлийн банкны дуулиан ид өрнөж байгаа өнөө цагт тус банк Төвбанктай холбоотой хуульд нийцээгүй харилцаа үүсгэснийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэлтдээ онцолжээ. Уг зөрчил нь “Эрдэнэс Монгол” компанийн чанаргүй зээлтэй ч бас холбогдсон юм. Тодруулбал, УИХ-ын тогтоолоор батлагдаагүй хатуу хучилттай авто замыг санхүүжүүлсэн нь хуулиа зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Засгийн газар нүүрсний экспортыг нэмэх, говийн бүсийн экосистемийг хамгаалах зорилгоор 2010 онд тогтоол гаргаж, “Энержи ресурс”-ийн охин компани “Говийн зам”-д Цогтцэций-Ухаахудаг чиглэлд 245 км хатуу хучилттай зам барих зөвшөөрөл олгосон байдаг. Барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ ч байгуулж. Ингээд 2013 онд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс”-ийн байгуулсан Гашуунсухайтын боомтын дэд бүтцийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлэхээр болжээ. Зам, барилга байгууламжийг улсад худалдан авах үнийг 170.6 тэрбум төгрөгөөр тогтоосон аж. “Эрдэнэс Монгол”-д шаардлагатай санхүүжилтийг эхний ээлжид Хөгжлийн банкнаас вексель гаргаж банкуудад арилжих, улмаар нэг жилийн дотор Засгийн газар урт хугацаатай бондод хөрвүүлэн дахин санхүүжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм байна. Ингээд нүүрсний зах зээлд үүссэн хүндрэл бэрхшээлийг шуурхай даван туулах зорилгоор Хөгжлийн банкнаас гаргах векселийг банкуудад мөнгөжүүлэх, дахин санхүүжүүлэх арга хэмжээг Монголбанк хэрэгжүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй бичиг Төвбанканд хүргүүлжээ. Векселийн тухай хуульд зааснаар вексель гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлдэг.
Хөгжлийн банк нэг жилийн хугацаатай 177.4 тэрбум төгрөгийн үнэтэй вексель гаргаж мөнгөжүүлсэн нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-т заасан “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэснийг зөрчсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолоор баталсан төсөл, хөтөлбөрийн жагсаалтад байхгүй зүйлд хөрөнгө гаргуулсан гэсэн үг. Дээрх 177.6 тэрбумын векселийг Худалдаа, хөгжлийн банк мөнгөжүүлж, баталгаа болгон авсан бөгөөд Монголбанк 2014 оны хоёрдугаар сард түүнийг дамжуулан авчээ. Улмаар уг төлбөрийг нь Худалдаа, хөгжлийн банканд 2015 оны зургадугаар сард Төвбанк төлж барагдуулсан гэнэ. Хөгжлийн банкнаас зарласан эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчийн жагсаалтад “Эрдэнэс Монгол” компани багтаж байгаа бөгөөд 2014 оны хоёрдугаар сарын 12-нд 177.8 тэрбум төгрөг олгосон, нийт 151 тэрбумын үлдэгдэлтэй хэмээгээд буй билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа