Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр сургуулийн долоон сурагч өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Тэд бүгд тааруу дүн авсан байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд яагаад тааруу дүн авав. Тэдний боловсрол эзэмших боломж, тэгш хүртээмж ямар байгааг сурвалжлахаар 29 дүгээр сургуульд очлоо.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль манай улсад ганцхан бий. Тэр нь 29 дүгээр сургууль. Гэтэл улсын хэмжээнд ганц байдаг сургуулийн сургалтын чанар тааруу, төгсөгчдийн зарим нь үг холбон бичиж чаддаггүй, тэр бүү хэл, нэг хэсэг нь уншиж ч чадалгүйгээр төгсдөг аж. “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав тус сургуулийг төгсжээ. Тэрбээр “29 дүгээр сургуулийнхан дорвитой мэдлэг, боловсрол эзэмшиж төгсөж чаддаггүй. Тэдэнд элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн А, В, С хариултаас аль нэгийг нь “буудахаас” өөр сонголт байдаггүй. Учир нь манай улс сонсголын бэрхшээлтэй болон сонсголгүй иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж чаддаггүй. Жишээ нь, би 29 дүгээр сургуульд сурдаг байхдаа хими, физикийн хичээлийг ихэд сонирхдог байв. Харамсалтай нь, эдгээр хичээлийг огт үзээгүй, оронд нь хөдөлмөрийн хичээл түлхүү заасан” гэж ярьсан юм.
2021-2022 оны хичээлийн жилд 29 дүгээр сургуульд 273 хүүхэд суралцаж буй гэнэ. Тодруулбал, бага ангид 104, дунд ангид 110, ахлах ангид 59 сурагч суралцаж байгаа аж. Нийт суралцагчийн 60 хувь нь орон нутгаас ирсэн хүүхдүүд. Тэд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг юм байна. Үлдсэн 40 хувь нь нийслэлд оршин суудаг. Тус сургуульд шилжилт хөдөлгөөн их байдгийг багш, сурагчид хэлж байлаа. Тухайлбал, зарим эцэг, эх хүүхдээ боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор шилжүүлж, энгийн сургуульд оруулдаг байна. Нөгөө талаар энгийн сургуульд сурч байсан сонсголын бэрхшээлтэй сурагчид ч энд шилжин ирэх нь цөөнгүй аж. Гол шалтгаан нь энгийн ихэнх сургуулийн багш нар дохионы хэл мэдэхгүй, өөрөөр хэлбэл, сонсголын бэрхшээлтэй сурагчид хичээл заах боломжгүй байдагтай холбоотой гэнэ. Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй сурагчид энгийн сургуульд орсон ч мэдлэг, чадвар олж авах боломж нь хязгаарлагдмал бөгөөд ихэвчлэн хуулан бичих маягаар хичээлийн цагийг өнгөрөөдөг, улмаар мэдлэг, чадвар төдийлөн эзэмшиж чаддаггүй байна. Тиймээс буцаад л 29 дүгээр сургуульдаа ирэхээс өөр аргагүй болдог гэнэ.
Тус сургуульд очиход 171 хүүхэд хичээлдээ сууж байгаа гэх мэдээллийг багш нар өгөв. Уг тоо нь нийт сурагчийн 62.6 хувь юм. Нэг ангид голчлон 8-12 хүүхэд суралцдаг юм байна. Бас нийт 79 багш ажилладаг гэх мэдээлэл авлаа. Цар тахлаас шалтгаалан сүүлийн үед сурагчдын ирц эрс буурч, ойролцоогоор 60-70 хувьтай болжээ. Жишээ нь, сургуулийн дотуур байранд халдвар тархвал хүүхдээ сахин нийслэлд удаан хугацаанд байж чадахгүй гэх шалтгааныг орон нутгийн эцэг, эхчүүд хэлэх болжээ. Ийм шалтгаанаар хүүхдүүдээ сургууль завсардуулах нь олширсон байна. Харин нийслэлийнхний хувьд долоо хоногийн эхний гурван өдөр хүүхдээ хичээлд нь явуулаад, сүүлийн хоёрт нь сураггүй алга болдог. Баасан гарагт л гэхэд сурагчдын ирц 50 хувьд ч хүрдэггүй гэнэ. Ерөнхийдөө сурагчдын ирц, идэвх муу байдгийг багш нар хэлж байлаа. Бас эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдийнхээ боловсролд анхаардаггүй гэлээ.
29 дүгээр сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчид өдгөө цар тахлын үеийн хичээл завсардалтын улмаас адилхан нэгдүгээр ангийн хөтөлбөрөөр хичээллэж буй. Тэгвэл 4-5 дугаар ангийн сурагчид хоёрдугаар ангийнхны хөтөлбөрийн дагуу хичээллэдэг бөгөөд тооны хүрд үзэж байхтай таарлаа. Нэгдүгээр анги нь хоёр бүлэгтэй. Нэг ангид нь өдөрт таван хичээл заадаг. Нэг хичээлийн хугацаа 35 минут аж. Эхний ангид сул сонсголтой, чихний аппарат хэрэглэж бусадтай харилцдаг таван хүүхэд бий. Эл ангид зарим хичээлийг дохионы хэлээр, үлдсэн хувийг нь ярилцах маягаар заадаг. Харин нөгөө бүлгийн долоон сурагч сонсголгүй. Энд бүх хичээлийг дохионы хэлээр заадаг юм байна. Нэгдүгээр ангийн хоёр бүлэгт сургуулийн хамгийн чадвартай багш нар хичээл заадаг бөгөөд тэд маш их ачаалалтай ажилладаг гэнэ. Учир нь сонсголгүй нэг сурагчид хичээл заах нь энгийн таван сурагчтай тэнцэх хэмжээний ачаалалтай ажил гэв.
Хүүхдүүд яагаад доод ангийнхаа хөтөлбөрөөр хичээллэдэг, бас сургалтын чанар муу байгаа нь ямар шалтгаантай талаар сургуулийн удирдлагаас тодруулахад хариулт өгөхөөс эрс татгалзсан юм. Харин зарим ажилтан, ахмад багш нарын төлөөлөл “Багш нарын ур чадвар тааруу байдгаас хүүхдүүд мэдлэг эзэмшиж чадахгүй байгаа” хэмээв. Учир нь тус сургуульд дохионы хэлний анхан шатны мэдлэггүй багш нар ажиллахаар ирдэг байна. “Дохионы хэлний наад захын мэдлэггүй багш нар сонсголгүй хүүхдүүдэд яаж хичээл заах билээ. Бас шинээр ирж байгаа багш нар сонсголгүй хүүхдүүдтэй ажиллах ур чадварын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Аргагүй шүү дээ. Багшийн сургуульд энэ талаар төдийлөн заадаггүй юм чинь” гэж нэгэн ахмад багш хэлсэн. Тиймээс ахмад багш нар залуучууддаа дохионы хэл зааж, анхан шатны мэдлэгтэй болоход нь тусалдаг гэнэ.
Уг нь 29 дүгээр сургуулийнхан дохионы хэлний орчуулагч ажилд авах хүсэлтээ Боловсрол, шинжлэх ухааны яаманд өнгөрсөн найм болон арванхоёрдугаар сард буюу хоёр удаа гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хичээлээ илүү ойлгож, мэдлэг, чадвар нь ч дээшилнэ гэж тооцсон байна. Гэтэл БШУЯ-наас баталсан жишиг норматив гэгчид зааснаар дохионы хэлний багш гэсэн орон тоо тус сургуульд байхгүй гээд, хүсэлтийг нь хүлээн аваагүй гэнэ. Арга ядахдаа уг сургуулийнхан туслах багшийн орон тоон дээр дохионы хэлний орчуулагч ажилд авах зар түгээжээ. Гэсэн ч сарын 500 000 төгрөгийн цалинтай туслахын багшийн ажилд орох орчуулагч олдоогүй аж. Дохионы хэлний орчуулга хийхтэй холбоотой ийм асуудал байнга тулгардаг учраас тэтгэвэрт гарсан гурван багшийг урьж ажиллуулж буй юм билээ. Харамсалтай нь, багш дахиад ч дутагдалтай хэвээрээ. Ялангуяа математик, хими, физикийн хичээл заах багш нэн шаардлагатай юм билээ. Мөн тус сургуульд хэл заслын багш байдаггүйг эцэг, эхүүд хэлсэн.
Хүүхдүүд хичээлдээ тааруу байгаагийн бас нэг шалтгаан нь тус сургуульд дохионы хэлийг долоо хоногт ганцхан цаг заадагтай холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, эл сургуульд дохионы хэлийг жилийн турш 36-хан цаг заадаг гэнэ. Тиймээс багш нар БШУЯ-нд хандаж, дохионы хэлний хичээлийг ядаж долоо хоногт хоёр удаа заах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Түүгээр зогсохгүй сонсгол дуудлагын хичээлийг нь сургалтын хөтөлбөрөөс хасжээ.
29 дүгээр тусгай сургууль ирэх 2024 онд 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. 60 орчим жилийн түүхтэй тус сургуульд дохионы хэлээр боловсрол олгох тусгай хөтөлбөрийг өдий хүртэл боловсруулж, хэрэгжүүлээгүй ирснийг багш нарын төлөөлөл хэлсэн. Тодруулбал, сонсголгүй иргэдэд дохионы хэлээр аль хичээлийг хэрхэн заах, нэр, томьёо, ойлголт, ухагдахууныг яаж нэг мөр болгох зэргийг өдий хүртэл шийдээгүй. Сургуулийн аль ч үеийн удирдлага энэ чиглэлээр санаачилга гаргаж ажиллаж байгаагүйг ч шүүмжилсэн. Бас салбарын яамныхан нь ч үүнд анхаарсангүй гэнэ. Тиймээс өдгөө тус сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгох гэхээсээ илүү өдөр өнжүүлэх маягаар өрнөдөг. Багш нарыг хөгжүүлэх, чадварыг нь дээшлүүлэх үйл ажиллагаа ч явуулдаггүй. Ахмад багш нар нь залуусаа сургах маягаар л аргацааж буй. Бас нэг асуудал нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг сургууль гэх атлаа тэдэнд зориулсан наад захын туслах хэрэглэгдэхүүнтэй анги таараагүйг онцолъё. Түүнчлэн багш нарын ярьж буйгаар салбарын яамнаас нь тус сургуульд төдийлөн анхаардаггүй. Тэд уг нь нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаа тодорхойлоод, БШУ-ы сайдад олон удаа хүсэлт өгсөн ч үл тоосоор иржээ.
Харин бодит нөхцөл байдлыг нь мэддэгийн хувьд 29 дүгээр сургуулийг төгсөгчид, “Сонсголгүйн боловсрол”, “Монголын дохионы хэлмэрчдийн холбоо”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аав” зэрэг ТББ нэлээд анхаарлаа хандуулж тусалж, дэмждэг гэнэ. Энэ жил гэхэд “Монголын дохионы хэлмэрчдийн холбоо”-ноос тус сургуулийн гурван багшийг дохионы хэлний сургалтад 50 хувийн хөнгөлөлттэй сургаж буй юм байна. Төгсгөлд нь онцлоход, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль төрд мартагдаж, сурагчид нь ч мэдлэг, боловсрол эзэмшиж чадахгүй, өдөр хоногийг аргацаах төдий суусаар байна. Уг нь гадаадад байдаг шиг хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд бидэнд олон боломж бий. Ийм орчныг бүрдүүлэхэд бүгдээрээ идэвх санаачилга гаргацгаая