Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын аж үйлдвэржилтийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд гурван зорилт тавин 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагыг судлах, түүнд чиглэсэн бодлого тодорхойлох, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх тухай тусгасан. Тус салбарт хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид, олон нийтэд нээлттэй танилцуулах зорилгоор “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлыг өчигдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж, үг хэлэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Манай улс ДНБ-ийхээ дөрөвний нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь эл салбарт ногддог. Ийм өндөр өгөөжтэй, тэргүүлэх салбараас бид зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг долоон төрлийн ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүн голлон экспортолж байна. Манайд одоогоор 57 сая тонн зэс, 33 тэрбум тонн нүүрсний нөөц бийг баталсан. Тэгвэл БНХАУ нь дэлхийн нэг жилийн нүүрсний талаас илүү хувь буюу дөрвөн тэрбум тоннын хэрэглээтэй. Мөн зэсийн хэрэглээ ирэх 20 жилд одоогийнхоос 2-3 дахин өсөх тооцоо бий. Тиймээс бид түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтээ өсгөх шаардлагатай. Ирэх долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна. Цаашид жилд 50- 70 сая тонн нүүрс нийлүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ илэрхийлсэн. Төмөр замуудаа ашиглаж эхэлбэл дээрх хэмжээний нүүрс нийлүүлэх боломж бүрдэнэ. Мэдээж ашигт малтмал боловсруулах үйлдвэртэй болох нь манай гол зорилт. Ирэх гурван жилд багтаан цөөнгүй аж үйлдвэр барихын зэрэгцээ Дархан-Уул аймаг Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэсэн юм.
Монголд хайгуулын лицензийг өргөдлөөр, сонгон шалгаруулалтаар олгож байсан. Лиценз олголт хавтгайрч нэг төрлийн наймаа болсон оргил үед аж ахуйн нэгжүүдэд жилд 2000 лиценз өгсөн тохиолдол гарчээ. Харин компаниудаас цөөнгүй нь зөвшөөрөлтэй талбайдаа үйл ажиллагаа явуулалгүй, лицензээ дамлан борлуулж ирсэн аж. Ийм байдлыг халах, лицензтэй талбай бүрт хөрөнгө оруулалт хийлгэх зорилгоор сонгон шалгаруулалтын журмыг шинэчилснийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулав. Юуны түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх талбайг tender.gov.mn сайтаар дамжуулан олон нийтэд нэгэн зэрэг, нээлттэй зарлах болжээ. Манайх жилд 100 гаруй талбайд лиценз олгож байсан. Тэгвэл үүнийг дөрөв дахин өсгөн, 350-400 лиценз бүхий талбай олгохоор болжээ. Дээрх цахим хуудаснаас аль компани, хаана, ямар үнэ санал болгон, хайгуул хийх эрхтэй болсныг харж болох гэнэ. Энэ онд нийт 4.2 сая га талбайд хайгуул хийх боломж бүрдүүлсэн нь нийт газар нутгийн 16 гаруй хувь болжээ. О.Батнайрамдал “Хөрөнгөө зарцуулж хайгуул хийх аж ахуйн нэгжүүдэд таатай боломж бий болгоход Үндэсний геологийн алба “санаа тавина”. Тодруулбал, аль талбай ямар эрдсийн илэрцтэй болон хэзээ, хэдий хэр хугацаанд хайгуул хийсэн, ямар дүгнэлт гарсан тухай мэдээллийг тус албаныхан гаргаж өгнө. Бидний зорилго бол аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллах явдал” хэмээв. Төрийн худалдан авах ажиллагааны 99 хувийг tender.gov.mn сайтаар зохион байгуулдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг уг сайтаар дамжуулах буюу цахимжуулснаар авилга, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж, төрийн үйлчилгээг шуурхай болгон, уул уурхайд хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлж, эл салбарт ажиллах сонирхолтой гадаад, дотоодын компаниудад тэгш боломж бүрдүүлжээ.
Үндэсний геологийн албаны (ҮАГ) дэд дарга Б.Уянга “Монгол орны геологийн орчин, эрэл хайгуулын ажил гүйцэтгэх хэрэгцээ” сэдвээр илтгэх үеэрээ манай улс газар зүй, байгалийн өвөрмөц тогтоцтой, судалж, таниагүй бүс нутгийн хэмжээ их гэдгийг онцоллоо. Одоогоор нийт нутгийн 98 хувийг 1:200 000 масштабтай зурагт хамруулсан бол, 1:50 000 нарийвчлалтай зурагт 43 хувийг нь хамруулсан аж. Цаашид зургийн нарийвчлалыг нэмэгдүүлэх, хамрах хүрээг нь томсгох хэрэгтэйг мөн дурдав. Үүнээс гадна геологийн суурь судалгаа хийн, төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэхэд боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байгааг хэлсэн. Тиймээс гадаадад амьдардаг мэргэжилтнүүдийг нутагтаа ирж ажиллахыг уриалсан юм.
Ирээдүйн уул уурхай буюу “Ногоон эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг” илтгэлийг QMC группийн захирал М.Дагва тавилаа. “Ногоон” эдийн засагт шилжихэд ямар эрдэс бүтээгдэхүүн эрэлттэй байх, улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого, манай улсын боломж болон эрсдэлийн талаар тэрбээр танилцуулж, мэдээлэл өгөв. 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг одоогийнхоос 37 орчим хувиар бууруулах зорилт бий аж. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг багадаа 25, цахилгааны хэмнэлтийг мөн ийм хувиар нэмэгдүүлэх зорилтыг олон улсад тавьжээ. Бас устөрөгч болон дагалдах бүтээгдэхүүнийх нь хэрэглээг 10 хувиар өсгөх төлөвлөгөөг зарим орон гаргасан байна. Дэлхий дахинд сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэх хувь 2018 онд 25-д хүрэхгүй байжээ. Тэгвэл 2050 онд уг хэмжээ 90 хувьд хүрэх гэнэ. Био масс, нар, салхи, далай болон усны бусад нөөцөөс эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал 30 жилийн дараа нийт үйлдвэрлэлийн 92 хувьд хүрэх тооцоо гарчээ. Ийнхүү ирэх гурван арванд шатах ашигт малтмалын хэрэглээ тогтвортой буурсаар байх нь “ногоон” эдийн засгийн шилжилтийн үе болохыг М.Дагва онцолсон. Улмаар эрчим хүчний салбарт зэсийн хэрэглээ одоогийнхоос хоёр, хөнгөн цагааных гурав, литийнх тав дахин өсөх юм байна. Мөн цайр, неоди, никелийн үйлдвэрлэл, хэрэглээ 1.7-2 дахин нэмэгдэх тооцоог олон улсын шинжээчид хийжээ. Ийнхүү “ногоон” эдийн засгийн шилжилт эхэлж буй энэ үед зарим орон бэлтгэлээ ханган, ямар түүхий эдийн хэр хэмжээгээр нийлүүлэхээ тооцон, ложистик үүсгэхээр зорьж буй гэнэ. Манай улсын хувьд ч зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг түүхий эдийнхээ олборлолтыг сайжруулах, “ногоон” эдийн засагт шилжих бэлтгэлийг хангахад одооноос төлөвлөн, ажил эхлүүлэхгүй бол хожимдохыг санууллаа. Ташрамд дурдахад, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг таван хуулийн төсөл, шинэчилсэн найруулгыг УУХҮЯ-наас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай, хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс баяжуулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг төсөл хэрэгжүүлж, зарим ажлыг нь эхлүүлэх бэлтгэл хангаснаа УУХҮЯ-наас мэдээлэв. Товчхондоо, уул уурхайн салбарт илүү шинэлэг, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ээлтэй, тэгш боломж бүхий нөхцөл бүрдүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж эхлэн, хамтран ажиллахыг урьж буйгаа хөрөнгө оруулагчдад зарлав.