Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Худгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км /-т 02.22-ноос 02.23-нд шилжих шөнө 5 ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, галын мэдээллийг 02.23-ны өдрийн 11:00 цагт албаныхан хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 120 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Б-гийн залгаатай 5 ханатай 2 гэр бүрэн шатсан байсан. Тус гал түймэрт иргэн Б /34 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай ОБЕГ-ээс мэдээллээ.