Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлдэгч, яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саналыг хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Бат-Эрдэнийг хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Хөгжлийн банкны захирал асан, Н.Мөнхбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэв. Улмаар яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр хоёрдугаар сарын 23-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар