Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны дэд захирал, Б.Чойжилжалбуу, зээлдэгч Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.
Ингээд яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрчийг ....дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газар