Төв аймгийн замд энэ сарын 18-ны өдөр карго явсан, том оврын ачааны автомашин шатсан талаар Unuudur.mn өмнө нь мэдээлсэн. Уг "Шаланз" загварын автомашинд 2-3 аж ахуйн нэгж, мөн хувь иргэдийн ачаа бараа байсан аж. Онцгой байдлын албанаас галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоож буй боловч, ачаа барааны эзэд нэг тэрбум гаруй төгрөгийн бараа байсан хэмээн мэдүүлэг өгчээ.
Дээрх хэрэг явдалд Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс үзлэг шалгалт хийсэн. Үргэлжүүлэн гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авч эхэлжээ. Улмаар галын шалтгаан нь гаднын нөлөөтэй гэх дүгнэлт гарвал, зарим гэрчийг яллагдагчаар татах юм. Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд карго ачсан машиныг өс хонзонгийн сэдлээр шатаасан, эсэхийг шалгаж байна.
Ташрамд дурдахад, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулж, сэжигтэн яллагдагчийг шууд цагдан хорих заалтыг хассан. Улмаар гэрчээр мэдүүлэг авч, гэм буруутай гэх нөхцөл байдал тогтоогдвол, шүүгчийн захирамжаар цагдан хорьдог болсон. Тиймээс дээрх хэрэгт уг үндэслэлээр арга хэмжээ авч, гэрчээс мэдүүлэг авч буй.