Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14.00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.
Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарлаа. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох энэ талаар “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан. Тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм.