Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох шүүх хурал боллоо. Тодорхой хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 392 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д заасныг баримтлан шүүгчийн 392 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Тус шүүгчийн захирамжийн Тогтоох хэсгийн 6 дахь заалт буюу хэргийн нотлох баримтаас 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн О.А-ийн хүсэлт /1 хуудас/, 2021 оны нэгдүгээр сарын 13-ны огноотой Итгэмжлэл олгох тухай албан бичгийг /1 хуудас/ тус тус хассугай... гэснийг хэргийн нотлох баримтаас хасах нь буруу гэж үзсэн байна.
Харин нэхэмжлэгч Ардчилсан намын өмгөөлөгчийн гаргасан “Ардчилсан намын тамга, тэмдгийн * хяналтын дугаарыг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн * дугаартай Тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх, мөн дээрх дүгнэлтийг үндэслэн дахин олгосон тамга, тэмдгийн* хяналтын дугаарын улсын бүртгэлийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.