Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос олджээ. Уг цогцсыг гаргуулах дуудлага, хүсэлтийг өчигдөр орой цагдаагийн байгууллагаас онцгой байдлынханд гаргасан аж. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид тус барилга дээр очиход захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан, гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 52 настай иргэн хонгилд унасан байжээ. Онцгойгийнхон цогцсыг 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шилжүүлэн өгсөн аж. Цагдаагийнхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.