Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөн өнгөрсөн даваа гарагт болж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. НПГ-аас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал тус хороонд хүргүүлсэн аж. Шүүхийн тухай хуульд заасны дагуу Сахилгын хорооныхон хэлэлцээд прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэсэн юм байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нар нь өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой хэрэгт шалгуулж, яллагдагчаар татагдаж болзошгүй байгаа аж.
Харин Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдоржийн хувьд гэртээ найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж байхад нэг хүн цонхоор нь унаж нас барсан үйлдэлд шалгуулж буй юм.