Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортойгоо тохиролцон, улмаар Хан-Уул дүүргийн шүүхэд ханджээ. Дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль авснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, уг хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эсү трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Сэлэнгийн хамтран амьдрагч Г.Эрдэнэбулагаас удаа дараагийн үйлдлээр 73 сая төгрөг хахууль болгож авчээ. 140 айлын орон сууц бүхий үйлчилгээний зориулалттай “Алтан богд” хотхоны барилгыг хүлээн авахын тулд М.Баянмөнх нь албаныхаа чиг үүрэг буюу НМХГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд хамааралгүй байсаар атал Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд 2021 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банкны дансаараа “зээл” гэсэн утгаар гурван сая, дараа сарынх нь 11-нд Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхоны гадна “Ланд круйзер-200” автомашин дотор бэлнээр 40 саяыг авчээ.
Түүнээс хойш гурван долоо хоног шахмын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд мөнөөх Г.Эрдэнэбулагаас 30 сая төгрөг бэлнээр авсан байна. Харин Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржид өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт Г.Эрдэнэбулаг 8.5 сая гаруй төгрөгтэй тэнцэх гурван мянган ам.доллар бэлнээр өгснөө хүлээн зөвшөөрсөн гэнэ. Тиймээс хахуулийн мөнгийг нь улсын орлогод тушаалгаж, оноох ялыг нь тохиролцсоноор хавтаст хэргийг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх уржигдар хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр товлосон ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаалаа.
Учир нь “Алтан богд” хотхоныг барьсан “Сандэй плаза”-гийн эзэн Т.Бат-Өлзийгийн охин Б.Сэлэнгийг хамтатган шалгах ёстой гэж шүүгч үзсэн аж. Түүний хамтран амьдрагч, бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдсон Г.Эрдэнэбулагийн хувьд авлигын өөр нэг хэргийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэхээр болоод буй. Тэрбээр АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 6-7 хүнээс хахууль авч, автомашины “азын” дугаар олгож байсан хэрэгт холбогдсон нэгэн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа