Нийслэлийн Байгаль орчны газар Туул голын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах зорилгоор минж нутагшуулах төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Сүүлийн есөн жилийн хугацаанд нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон голуудад 57 минж нутагшуулаад буй. Харин тус газрын харьяа Минж үржүүлэх, нутагшуулах төвд өдгөө 45 бодгаль бойжиж байна.
Өнгөрсөн хугацаанд нутагшуулсан минжнүүдийг Гацуурт тосгоноос дээш буюу Туул голын эх хэсгүүдэд тавьсан. Тэгвэл “усны инженер”-үүдийн зарим нь амьдрах таатай орчин эрж, хотын төв хэсэгт сэлгэн суурьшсан байж болзошгүйг экологич Н.Батсайхан хэллээ. Энэ хэсгийн гол дагуух хайлааснуудын холтсыг ямар нэг амьтан мөлчийтөл нь хуулж, мөчрийг нь мэрсэн тохиолдол элбэг үзэгдэх болсон нь ийнхүү таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Модны холтос, мөчирт ингэж “хүч үзүүлэх” амьтан” минжнээс өөр үгүй гэнэ. Экологич Н.Батсайхан “Туул голын эх рүү эрэг нам, ус гүехэн, хөвөө газрын хөрс чулуулаг ихтэй, татмын бургасан шугуй армаг тармаг буйг өнгөрсөн зун анзаарсан юм. Тиймээс “тэд” амьдрах орчны таатай сонголт урсцын уруудах хэсэгт байгааг мэдэрсэн болов уу. Холбогдох байгууллагынхан минж дахин нутагшуулахдаа энэ сул талыг харгалзан үзэх хэрэгтэй” гэсэн юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын даргаар ажиллах үедээ эл төсөлд гар бие оролцож байсан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга минж нутаг сэлгэн суурьшсаныг таатай үйл явдал хэмээн онцлоод, тус яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийнхэн холбогдох байгууллагуудтай хамтран тухайн хэсэгт хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлэх болсныг мэдээлэв.