Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүллээ. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар объектод 2022 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан аж. Уг хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Холбогдогч “Г” нь урьд өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгох шийтгэл оногдуулж байсан. Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдээс залилах гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна. Улмаар цагдаагийнхан иргэдэд хандаж, орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй, эсэхэд хяналт тавих, ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл хуулийн байгууллагад хандахыг анхаарууллаа. Тухайн иргэд түрээсийн байранд хууль бусаар тоглож байжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасны дагуу уг хэргийг шалгаж байна.